“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв


8 жил

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2017.05.10) хуралдаанд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт байв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагджээ.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны жилийн эцсийн  байдлаар 61.2 хувьтай гарсан байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг бодлого тус бүрээр танилцуулсан.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг дэлгэрэнгүй танилцуулав. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233.9 тэрбум, орон нутгийн төсвөөс 0.7 тэрбум, Хөгжлийн банкны санхүүжилтээр 110.0 тэрбум, гадаад эх үүсвэрээс 278.0 тэрбум, ТХХТ-ийн 3,189.0 тэрбум, ХЭДС-гийн 7.0 тэрбум, хувийн хэвшлийн 2.5 тэрбум, холимог эх үүсвэрээс (Хувийн хэвшил болон гадаад эх үүсвэрээс 14.0 тэрбум. Хөгжлийн банк болон гадаад эх үүсвэрээс 15.7 тэрбум. Улсын төсөв болон гадаад эх үүсвэрээс 1.5 тэрбум) 31.2 тэрбум нийт 3,852.3 тэрбум төгрөг төлөвлөгджээ. Үндсэн чиглэлийн арга хэмжээнд урьдчилсан гүйцэтгэлээр нийт 416.2 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан нь төлөвлөсөн хэмжээнээс 9 дахин бага бөгөөд зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн нөөц хангалтгүй хэмээн дүгнэжээ.

Аудитын явцад хэрэгжүүлсэн горим, арга зүй, Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан үнэлгээний журмын дагуу үнэлэхэд 158 арга хэмжээнээс хэрэгжсэн 55, хэрэгжилт дутуу 72, хэрэгжээгүй 31 дунджаар 58.9 хувийн биелэлттэй хэмээн дүгнэсэн байна. Аудитын дүнгээр 567.5 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, 2,567.0 сая төгрөгийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, нийт 3,134.5 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлагыг БСШУСЯ, УУХҮЯ-нд тус тус хүргүүлжээ.

Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

  • Үндсэн чиглэлийн зарим арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бодитой тооцож, төлөвлөөгүй байна.
  • Үндсэн чиглэлд цаг хугацааны хувьд нэг жилд хэрэгжүүлэх боломжгүй, бэлтгэл ажил хангагдаагүй, тооцоо судалгаа дутуу зорилт, арга хэмжзэ төлөвлөгдсөн нь гүйцэтгэлд сөргөөр нөлөөлсөн байна.
  • Үндсэн чиглэлийн  зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хариуцан хэрэгжүүлэгч байгууллагаас зохион байгуулсан ажлын үр дүн хангалтгүй байна.
  • Үндсэн чиглэлийн  зорилт, арга хэмжээнд шаардагдах хөрөнгө санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй, санхүүжилт бүрэн хийгдээгүй байна.
  • Үндсэн чиглэлийн  зорилт, арга хэмжээг холбогдох журмын дагуу үнэлэх, тайлагнах талаар хангалтгүй ажилласан байна.
  • Өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Төсвийн ерөнхийлөн захирагчдын зохион байгуулсан ажил хангалтгүй байна.

Мөн аудитаар үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний үр дүнг сайжруулах 3, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж хэрэгжүүлэх 2, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох 1, хяналт тавих 1 нийт 7 зөвлөмжийг ТЕЗ, Сангийн яам, ЗГХЭГ-т тус тус өгсөн хэмээн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Дараа нь Монгол Улсын эдиин засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг танилцууллаа. Дээрх үндсэн чиглэлийн биелэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл болон УИХ-аас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Л.Элдэв-Очир, С.Чинзориг нарын гишүүд ажиллажээ. Ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн аудитын дүгнэлт болон бусад Байнгын хороодоос ирүүлсэн санал дүгнэлттэй танилцсан байна.

Ажлын хэсгийн хурлын явцад Үндэсний аудитын газраас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан 158 арга хэмжээнээс хэрэгжсэн 55, хэрэгжилт дутуу 72, хэрэгжээгүй 31, дунджаар 58.9 хувийн биелэлттэй байна. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд нийт 3,8 их наяд төгрөг төлөвлөсөн боловч урьдчилсан гүйцэтгэлээр нийт 416 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан нь төлөвлөсөн хэмжээнээс 9 дахин бага. Зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвтэй уялдуулалгүй, үндэслэл тооцоогүй тусгасны улмаас ихэнх зорилт хэрэгжээгүй” гэсэн дүгнэлт гарсныг танилцуулсан бөгөөд Ажлын хэсгийн гишүүдээс “Цаашид үүнийг анхаарч, үндсэн чиглэлийн төсөл боловсруулахдаа хөгжлийн бодлого, хөтөлбөр, улсын төсөвтэй уялдуулах, үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэхэд хариуцлагатай хандах, хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад хариуцлага тооцож байх нь зүйтэй” зэрэг саналыг гаргажээ.

2016 онд сонгууль явагдаж, үр дүнд нь өөр мөрийн хөтөлбөр бүхий хоёр Засгийн газар ажилласан, биелэлт хангалтгүй зэргийг харгалзан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар тусгайлан УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах шаардлагагүй гэж Ажлын хэсэг үзжээ.

Дээрх танилцуулгуудтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан макро эдийн засгийн бодлогын биелэлт 64.3 хувьтай байгаа атал эдийн засгийн өсөлтгүй, ажилгүйдлийн түвшин хоёр хувьтай байгаагийн шалтгааныг Ажлын хэсгээс тодруулав. Сангийн дэд сайд Х.Булгантуяа, үндсэн чиглэлийг биелэлтийг тооцоолох аргачлалыг нарийвчлах шаардлага бий гэсэн бол Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу үнэлгээ хийсэн хэмээн тайлбарлалаа. Тайлант хугацаанд хоёр Засгийн газар ажилласан болохыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцолсон. Мөн түүний хүсэлтийн дагуу 2016 оны сүүлийн дөрвөн сарын турш ажилласан Засгийн газрын яамд энэхүү үндсэн чиглэлийн биелэлтийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаа тус бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар жижиг дунд үйлдвэрлэлийн талаар, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын талаар тодруулж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар ЗГХЭГ, Үндэсний аудитын газар, УИХ-ын гаргасан тайлан дээр өөр үнэлгээтэй байгаагийн шалтгааныг асууж тус бүртээ Ажлын хэсгээс хариулт авсан. Ийнхүү Байнгын хороо “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэн, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийг үндэслэн үндсэн чиглэлийн биелэлтийн талаар тусгайлан УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах шаардлагагүй гэж үзэн санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан үргэлжлүүлэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх болон Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хангалтгүй гэдэг шалтгааны улмаас хойшлуулав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү