Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжив

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжив


8 жил

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2017.05.10) хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилгоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулгын эхэнд дурдсан.

Уг хуулийн төсөлд Сангийн яамны Төрийн сангийн газар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” Төрийн өмчит ХХК, “Арилжааны төлбөр тооцоо” Төрийн өмчит ХХК-д тус тус төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл шууд олгогдсонд тооцох тухай зохицуулалтыг тусгасан байна. Төсөлд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдахаас өмнө эрх бүхий байгууллагаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл авсан этгээд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд нийцүүлэн 2018 оны есдүгээр сарын 01-ний дотор зохих бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлж, зөвшөөрлөө шинэчлэн авах тухай асуудлыг тусгажээ. Түүнчлэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд Монголбанк батлахаар заасан журам, дүрэм зэрэг эрх зүйн актыг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд батлах, тэдгээр журам, дүрэм батлагдах хүртэлх хугацаанд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн актуудын үйлчлэл хэвээр байх тухай зохицуулалтыг тусгаж өгсөн гэлээ.

Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлээгүй, харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргав. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь горимын саналыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү