Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


8 жил

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2017.05.10) хуралдаанаар 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Хэлэлцэж буй хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналыг Ажлын хэсэг хэлэлцсэн байна. Тодруулбал шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр хоёр жил байхаар өөрчлөх, хуулийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөх талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд бэлтгэсэн байна. Түүнчлэн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр авто зам, замын байгууламжийн баталгаат хугацааг гурван жил болгох УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санал дэмжигдсэн, Ажлын хэсэг хурлынхаа үеэр энэ асуудлыг хэлэлцэн хоёр жил байх нь зүйтэй хэмээн үзэж зарчмын зөрүүтэй саналын томъёолол боловсруулсан гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ хуулийн төсөлд авто зам, замын байгууламж байгуулах төсөвт өртөг, стандартын талаар ямар зохицуулалт тусгагдсан талаар асуув. Авто зам барьж байгуулахтай холбоотой стандарт, жишиг өртөг гаргах талаар хэд хэдэн УИХ-ын гишүүн санал гаргасан, гэхдээ тухайн орон нутгийн зай, бүс нутгийн онцлог, зам байгуулах газрын бүтэц гээд олон хүчин зүйлээс шалтгаалж замын үнэлгээ тооцогддог тул жишиг өртөг, стандарт тогтоох бололцоогүй хэмээн Ажлын хэсгийн ахлагч тайлбарлалаа. Худалдан авах үйл ажиллагаа үнэн зөв байх үндэс нь стандарт, тиймээс стандартыг тогтоох эрх зүйн ерөнхий чиглэлийг УИХ хуулиар тодорхойлж өгөх шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлээд бусад оронд байдаг автозамын бүтээн байгуулалттай холбоотой стандартын жишгийг судлах, цаашдаа нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв.

Дараа нь Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас чиглэл өгч нээлттэй үлдээсэн гурван санал болон найруулгын шинжтэй хоёр санал, нийт таван саналын томъёоллыг бэлтгэсэн болохыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулав. Ажлын хэсгийн тус танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү