Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


8 жил

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2017.05.10/ хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Ажлын хэсэг хуралдаанаараа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд дараахь саналуудыг тусгахаар оруулж иржээ. Тухайлбал:

-төсөлд залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн дагуу цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны залуучуудыг хамруулахаар мөн 18-27 насны эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр хамрагдаж болохоор тусгах;

-залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийг хэвлэл, мэдээллийн байгууллагын мэдээллийн агуулга, хөтөлбөрт тусгах, түүнийг зохицуулах журмыг Засгийн газар тогтоох;

-цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан, их, дээд сургуульд элсэн суралцах болзол хангасан залуучуудыг дэмжин оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах;

-оюутан, залуучуудыг ажилд зуучилсан хөдөлмөрийн биржийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх асуудлыг хөдөлмөрийн болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хэрэгжүүлэх;

-гадаад улсад өндөр технологи, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо эргэн ирж ажиллахыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх;

-хувийн хэвшлийн байгууллага нь /100 ба түүнээс дээш ажилтантай/ нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргахаар тусгах;

-сайн дурын ажил болон цэргийн албанд хамрагдаж төрийн албанд орох сонгон шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг төрийн албанд ажиллахад давуу тал болгон тооцохоор хуулийн төсөлд тусгахаар санал боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү