Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


8 жил

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод (2017.05.10) Хууль тогоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурал 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуулийг  баталсан  бөгөөд уг хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад болон дагаж мөрдөж байгаа энэ хугацаанд хуулийг хэрэгжүүлэх субъект, иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэхэд уг хуульд өөрчлөлт оруулах дараахь хэрэгцээ, шаардлага байна гэж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үзэж байна.

Хуульд заасан аргачлалын дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэнтэй холбоотой баримт материалыг /тайлан, санал дүгнэлт/ аль шатанд, хаана баримтжуулж хавсаргаж ирүүлэх талаар хуульд зохицуулаагүй нь дээрх аргачлалын дагуу холбогдох үе шатанд хийсэн судалгаа, үнэлгээ, зардлын тооцоог баримтжуулж хянах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхэд хүргэж байгаа юм байна.

Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар боловсруулж, өргөн мэдүүлж болохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний хууль санаачлах эрхийг хязгаарлаж байна гэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэгт захиргааны хэм хэмжээний актын талаархи харилцааг тодорхой зохицуулсан тул Хууль тогтоомжийн тухай хуулиар уг харилцааг давхардуулан зохицуулах шаардлагагүйг тэмдэглэв.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 19 дүгээр зүйийн 19.2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлд Улсын Их Хурлын Тамгын газар хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд эрх зүйн дүгнэлт гаргах, хуулийн төсөл нь уг хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн эрх зүйн дүгнэлт гаргасан бол түүнийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, эрх зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төслийг хуульд заасан шаардлагыг хангуулахаар хууль санаачлагчид хүргүүлэхээр тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл хууль санаачлагчаас өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж, өргөн мэдүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргахаар тусгасан нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгтэй зөрчилдөж байна хэмээн үзсэн учраас уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү