Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


8 жил

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны (2017.05.09) хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Тус байнгын хорооны үүрэг бүхий Ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналыг боловсруулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан  саналыг төсөлд нэмж тусган, нэр томъёог жигдлэх редакцийн шинжтэй засварыг тусгасан байна. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсөл дэх “...олсон орлогыг хураана...”, үүний зэрэгцээ 100 сая төгрөгөөр торгохоор тусгасан зохицуулалтын талаар тодруулан асууж, энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт болох эрсдэлтэй талаар санал хэллээ. Хуулийн төслийн тусгай ангид заасан хууль бусаар олсон орлогыг хураах тухай зохицуулалтууд нь өнөөдрийн байдлаар мөрдөгдөж буй хуулиудад байгаа, хэлэлцэж буй төсөлд одоо мөрдөгдөж буй хувилбараар нь тусгасан болохыг Ажлын хэсэг тайлбарлав. Энэ тохиолдолд хууль ёсны орлогын талаар огт хөндөөгүй, зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж олсон орлогыг хураахтай холбоотой зохицуулалт гэлээ. Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан 1600 зөрчлийн 10 нь 100 сая төгрөгийн торгууль ногдуулах зөрчил байгаа, үүний найм нь банктай холбоотой заалт хэмээн Ажлын хэсэг хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүн О.Батнасан хүнс импортлох болон экспортлоход хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн тохиолдолд өнөөдрийн хуулиар хувь хүнийг 1-10 сая төгрөгөөр торгодог бол энэ төсөлд 10-100 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна.

Энэ нь иргэд хувийн хэрэглээндээ хүнс импортолсон тохиолдолд хуульд заасныг зөрчсөн гээд 10 сая төгрөгийн торгууль төлөх, харин жижиг худалдаа, бизнес эрхлэгчид холбогдох газруудтай гэрээ байгуулаагүй, зориулалтын агуулах, байранд хадгалаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэл ашигласан гээд 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр болж, үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй болж буйг хэллээ. Эрхзүйн шинэтгэлийн хүрээнд иргэдэд ээлтэй, бизнес орчноо дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдэг саналыг мөн тэрбээр онцолсон. УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуулийн этгээдийн зөрчлийн торгуулийн хэмжээ 100 сая төгрөг байгааг бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төгсөлд нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү