Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ


8 жил

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2017.05.09) хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуралдаанд танилцуулав. Ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдан, нэр томъёоны талаарх редакцийн саналыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасан гэлээ. Түүнчлэн холбогдох хуулийн дагуу чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлээр төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, төслийн зарим зүйл заалт хоорондоо, эсхүл мөрдөж буй бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэх, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналын томъёоллуудыг бэлтгэсэн гэлээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэг үндэслэлээр хувь хүн болон хуулийн этгээдэд давхар хариуцлага тооцох зохицуулалтын талаар асуулаа. 2015 онд батлагдсан, энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн хуулиар хуулийн этгээдтэй бус тухайн албан тушаалыг гүйцэтгэж буй хувь хүнтэй хариуцлага тооцохоор зохицуулалттай байгаа нь ял шийтгэл гарцаагүй байх зарчимд нийцэхгүй хэмээн үзсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав.

Өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн хэлбэр, төрөл олон болсон тул ямар нэг хууль зөрчих үйлдэл хийсэн албан тушаалтан, хувь хүн хариуцлага хүлээхийн зэрэгцээ тухайн албан тушаалтан, хувь хүнийг хууль зөрчих үүрэг өгсөн хуулийн этгээд мөн хариуцлага хүлээх нь зүйтэй хэмээн үзэж дээрх зохицуулалтыг тусгасан гэв. Мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг гэх мэт тодорхой тооны хууль зөрчсөн үйлдлийг аль нэг хуулийн этгээдийн эзэмшигч, хөрөнгө оруулагчдын шийдвэрээр гүйцэтгэх захирал нь хэрэгжүүлсэн нь нотлогдвол тухайн захиралд л хариуцлага тооцдог. Үүний цаана үүрэг, чиглэл өгсөн хуулийн этгээдийн удирдлагууд, эзэмшигчид хариуцлага хүлээлгүй үлддэг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэдэг чиглэлийг барьж, хуулийн төслийг боловсруулсан аж. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 80 гаруй зүйл, заалтаар хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулах зохицуулалттай байгаа бол хэлэлцэж буй төслөөр энэ тоог бууруулж 30 орчим зүйл, заалтын хүрээнд хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулахаар өөрчилсөн байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг хууль зөрчсөн үйлдлүүдэд хувь хүн, хуулийн этгээдэд давхар хариуцлага ногдуулахыг эсэргүүцэхгүй байгаа ч 30 гаруй зүйл заалтын хүрээнд хувь хүн, хуулийн этгээдэд давхар хариуцлага тооцох зохицуулалт нь бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тун хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж болохыг сануулж байв. УИХ-ын гишүүн Н.Оюундарь хуулийн төсөл дэх зарим нэр томъёо, тодорхойлолт хоорондоо зөрчилтэй байгаа, үүнээс үүдэн зарим тохиолдолд ял завших эрсдэл үүсэхээр байгааг хэллээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны дараа Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээс санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү