ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байна


8 жил

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тавдугаар сарын 8-12-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм.

Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон байна.Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жианжүтэй уулзлаа.

Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт дипломат харилцааны 68 жилийн түүхтэй Монгол Хятад хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг төдийгүй хууль сахиулах салбарт эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэсэн байна. Энэ үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр талын хамтын ажиллагаанд хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбар ихээхэн чухал үүрэгтэй болохыг онцлоод 6 жилийн дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийж байгаа айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа энэ цаг үед гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тухайлбал хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, мөнгө угаах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх механизм бий болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү