Хэдэн хувийн саналаар?
- Францийн улс төрийн сүүлийн 59 жил дэх хамгийн залуу ерөнхийлөгчөөр 39 настай Эммануэл Макрон 65.8 хувийн саналтайгаар ялалт байгууллаа.
Ямар намын, ямар улс төрийн баримтлалтай?
- Ерөнхийдөө манайхаас бусад ихэнх улсуудад сонгууль яагаад сонирхолтой явагддаг нэг шалтгаан бол нэр дэвшигчид улс төрийн ямар намаас ямар баримтлалтай дэвшиж байна вэ гэдэг нь тодорхой байдаг. Макрон бол нэг жилийн өмнө байгуулагдсан En Marche! нэртэй маш залуу намаас төлөөлж гарч ирсэн, про-Европ, центрист улс төрч. Үүнээс өмнө тэр Францийн социалист намын гишүүн байсан.
Ямар мэргэжилтэй?
- Макрон 2004-2008 оны хооронд Францийн Эдийн Засгийн Яамны Санхүүгийн Байцаагчаар ажиллаж байжээ. 2008 онд тэр засгийн газрын ажлын гэрээгээ цуцлахаар 50.000 евро төлж, хөрөнгө оруулалтын банк Rothschild & Cie-д өндөр цалинтай ажилд орсон байна. Өөрөөр хэлбэл одоо Францийн ерөнхийлөгчөөр Ротшилдын экс-банкир сонгогдоод байна.
Макроны өрсөлдөгч хэн байв?
- Макрон Ротшилдын банкир байсан учраас неолибералист бөгөөд капитализм, чөлөөт зах зээлийг дэмжигч гэдэг нь ойлгомжтой. Тиймээс Макроныг Францад том шинэчлэл хийхгүй байх гэж таамаглаж байна. Түүчлэн Макрон Сирийн асуудалд цэргээр оролцох бодлоготой гэдгээ ч тодорхой илэрхийлж байсан. Түүний өрсөлдөгч Ле Пен харин Исламофобик, дүрвэгчдийн эсрэг өнгө аястай, неофашист байв. Ле Пен сонгуулийн дүн гарсаны дараа, ялагдлаа хүлээн зөвшөөрч, Насионал Фронт намаа шинэчлэнэ гэсэн амлалт өгчээ. Гэхдээ Философич Жижек тэдний хооронд том ялгаатай сонголт байхгүй гэж анхааруулаад байв.
Яагаад ялсан?
- Францийн ерөнхийлөгчийн сонгууль яригдсан цагаас хойш Ле Пений тухай манай хэвлэлүүдэд ч гэсэн их мэдээлж байсан. Тиймээс ерөнхийдөө хэт барууны Ле Пенийг ялна гэсэн хүлээлт байв. Гэтэл бараг сүүлийн хоёр сар Макрон гэнэт хүчтэй гарч ирээд ялалт байгууллаа. Макроны өрсөлдөгчид ихэнх нь скандалд өртсөн тул түүнд аз тохиосон, сонгогчдын тухай датаг ашиглаж, Обамагийн 2008 оны сонгуулийн алгоритмд ажилласан, эерэг мессежийг үргэлж өгч байсан зэрэг шалтгаануудыг түүний ялалтанд нөлөөлсөн гэж хэвлэлүүд харж байна.