УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.04) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.
Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхэр тогтжээ.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Д.Эрдэнэбат нар Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа хоёр жил байхаар, Авто замын засвар, арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажилуулах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, Авто замын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг “Авто замын сан”-гаас санхүүжүүлэх санал гаргасныг дэмжжээ. Мөн Авто замын техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээний болон захиалагчийн хяналтын зардлыг тухайн авто зам, замын байгууламжийн төсөвт өртөгт тусгах, Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын явцад зайлшгүй хийх нэмэлт ажлыг магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлэх, Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулах, зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцах зэрэг саналуудыг төсөлд тусгахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Монгол Улсын нутаг дэвсгэрийн үндсэн нэгж болох аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон байна, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Шинээр барьсан авто замын ашиглалтын баталгаат хугацаа 5 жил байна.” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй аж.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Сарангэрэл, О.Батнасан, Б.Энх-Амгалан, Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нар Байнгын хороо болон Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн Ж.Бат-Эрдэнэ гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс 12 мянган км авто замтай, үүний 5300 км нь хатуу хучилттай, үлдсэн хэсэг нь сайжруулсан шороон зам. Авто замын ашиглалтын хугацаанд норм, нормативыг тогтоож, хэдэн жилийн дараа засвар арчилгаа хийх, хэдэн жилийн дараа их засвар оруулахыг зохицуулдаг. Шинэчилсэн найруулгын төсөлд авто замын чанарын батлагааг хоёр жил болгож, улмаар хариуцлагын асуудлыг илүү нарийн, дэлгэрэнгүй тусгаж өгсөн гэдгийг хэллээ. Мөн авто замын эвдрэл гэмтэл нь зураг төслийн чанар, гүйцэтгэгч болон хяналт тавьдаг байгууллагууд, түүнчлэн сүүлийн үед хүнд даацын их оврын тээврийн хэрэгслүүд нэмэгдсэн нь нөлөөлж байгаа гэдгийг нэмж тодотгов.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар төслийн 25.1.1-д импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувийг Авто замын санд төвлөрүүлэхээр тусгасан байна, энэ талаар Засгийн газар, Сангийн яамнаас санал авсан уу гэдгийг тодруулахад Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Төслийн энэ заалтыг Засгийн газар болон Сангийн яам дэмжээгүй. Гэхдээ Ажлын хэсгийн хуралдаан дээр ярилцаж байгаад энэ заалтыг оруулж ирсэн. Учир нь өнөөдөр авто замын засвар, арчлалтад жилдээ 55 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл ердөө 10 тэрбум төгрөгийг л хуваарилсан байгаа нь авто замын засвар, арчлалтад хүрэлцэхгүй байгаа тул ингэж шийдсэн” гэсэн хариулт өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төслийн энэ заалт нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөхцөлтэй зөрчилдөхөд хүрэх учраас саналыг дэмжихгүй байхыг гишүүдээс хүссэн юм.
Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 60 гаруй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь авто замыг төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн хуулийн төсөлд “Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын чиг үүрэг” гэсэн 15 дэд заалт бүхий 11 дүгээр зүйлийг нэмэхийг дэмжив. Түүнчлэн төслийн 16, 17 дугаар зүйлийг нэгтгэн “Авто зам, замын байгууламжийн эзэмшигч” гэсэн 16 дугаар зүйл болгож өөрчлөн найруулж, Олон улс, улсын чанартай, тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна, Олон улс, улсын чанартай, тусгай зориулалтын авто зам, түүний зурвас эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүнээс эрх олгосон этгээд байна гэж зохицуулахаар тогтов.
Төслийн 28.4 дэх хэсгийг “Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа болон гүйцэтгэгч техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр хоёр жил байна” гэж, 23.4 дэх хэсгийг “Авто замын арчлалт, урсгал засварын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно” гэж тус тус өөрчлөн найруулах, төсөлд “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж дээр орон нутгийн байгууллагаас төлбөр хураах нэгж байгуулан ажиллуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 30.4 дэх хэсгийг нэмэхээр тогтлоо. Мөн төслийн 35.4, 35.5 дахь заалтыг нэгтгэн “Авто замын тухай хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг зөрчсөн, авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулна” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.
Харин төслийн 25 дугаар зүйлд “импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувь” гэсэн агуулгатай 25.1.1 дэх заалт нэмэхтэй холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажлын хэсэгт энэ саналаа татаж авахыг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Х.Баделхан нар энэ нь хуулийн төслийн гол амин сүнс болох заалт учраас дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэв. Харин Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ Сангийн яамны зүгээс энэ заалт нь ОУВС-тай тохирох хөтөлбөрийн нөхцөлтэй зөрчилдөх учраас татаж авах нь зүйтэй гээд байгаа. Уг нь авто замын арчлалтад чухал ач холбогдолтой заалт. Жилдээ автомашины онцгой албан татвараас төвлөрдөг 88 тэрбум төгрөгөөс 16 тэрбумыг нь Авто замын санд төвлөрүүлэхээр тусгасан, дэмжих эсэхээ гишүүд өөрсдөө шийдэх нь зүйтэй гэсэн юм. Ингээд энэ саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжлээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Байнгын хорооны хуралдаан дээр дэмжигдээгүй саналынхаа үндэслэлийг тайлбарлаад өөрийн санал болгосон "5 жил байна" гэсэн хугацааг “3 жил” гэж өөрчлөн санал хураалгах хүсэлт гаргасан юм. Хуралдаан даргалагч түүний саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.
Ингээд Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.