УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2017.05.04) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 26 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.
Ээлжит сонгуулийн үр дүнд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн зэрэг улс төрийн шалтгаанаас үүдэлтэйгээр төрийн албаны томилгоо, мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж, залгамж чанаргүй, хариуцлагагүй байдал үргэлжилсээр ирсэн. Түүнчлэн төрийн хариуцлагатай удирдах албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлоор томилогдож, мэдлэг, туршлага, ур чадвартай мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгаа зэрэг сөрөг үр дагаврыг арилгах үүднээс Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт 6 зүйлтэй бөгөөд холбогдох 8 хуульд өөрчлөлт оруулах төслийг хамтад нь боловсруулсан гэдгээ Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулав.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн зуун хувийн саналаар төслийг хэлэлцэхээр тогтсон юм.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Гантулга, М.Билэгт, Х.Баделхан, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нар төсөл санаачлагч болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилж өмнөх Улсын Их Хуралд өргөн барьсан боловч хэлэлцэгдээгүй. Одоо хэлэлцэх гэж байгаа хоёр хуулийн төсөлд агуулга, үзэл баримтлал, зарчмын хувьд адил төстэй зүйл бий. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд төрийн албаны мэдээллийн сан, төрийн удирдах албан тушаалтныг шинээр томилох, төрийн албан тушаалыг орлон гүйцэтгэх, мөн хуулийн нэр томьёотой холбоотой зарчмын шинэ зохицуулалтууд тусгагдсан байгаа. Иймээс дараагийн хэлэлцүүлгийн явцад хуулийн хоёр төслийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой гэдгийг хэллээ.
Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Энхболд нар үг хэлж, хоёр хуулийн төсөл нь агуулгаараа ижил төстэй, үзэл баримтлалын хувьд зөрчилдөх зүйлгүй байгаа тул төслүүдийг нэгтгэн хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 50 нь буюу 78.1 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар төслийн үзэл баримтлалыг нь хэлэлцэхийг дэмжсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хэлэлцүүлгийн дараагийн шатанд нэгтгэн боловсруулж, нэгдсэн Ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтов.