“Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцогчдод хандан УИХ-ын дарга, Монголын хотуудын холбоо ТББ-ыг үүсгэн байгуулагч, Хүндэт ерөнхийлөгч М.Энхболд мэндчилгээ дэвшүүлсэн байна. Түүний мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди бага хуралд оролцогчдод уншиж танилцууллаа.
УИХ-ын даргын мэндчилгээнд “Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Миний бие УИХ-ын даргын хувьд биш, энэ хурлыг анхлан санаачлагч, “Монголын хотуудын холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгчийн хувиар Та бүхэндээ хандаж байгаадаа баяртай байна” гээд “Бодлого боловсруулагчид хэд хэдэн сорилттой тулгарах нь ойлгомжтой боллоо. Юуны өмнө, хотын үндсэн үйлчилгээ, суурь дэд бүтцийг оршин суугчдад бага зардлаар, чанартай, хангалттай түвшинд хүргэх хэрэгтэй болох нь. Хоёрдугаарт, агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдлын асуудал нэн тулгамдсан асуудал байсаар байх болно. Дараагийн асуудал нь сүүлийн 20 жилийн дэлхийн хандлага болсон хотыг чиглэсэн албан бус шилжин суурьшилт юм. Эцэст нь цаг агаарын өөрчлөлт, байгалийн гамшиг, терроризм, гэмт хэргээс оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Эдгээр сорилтын шийдэл нь бидний хамтын ажиллагаа, төр-хувийн хэвшлийн түншлэл, технологи-инноваци гэж би харж байна. Хотуудын түүх, хөгжлийн түвшин өөр өөр хэдий ч тулгамдсан асуудал нь ижил, шийдэл ч нэг чигийнх. Иймд энэ удаагийн хурлыг олон улсын түвшинд, хамтын ажиллагаатай хотуудын сайн туршлагыг хуваалцаж, хамтран ажиллах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Энэ нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон бусад хотуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү хувийн хэвшилтэй хамтарч байж, илүү үр дүнтэй шийдэл, үр дүнд хүрнэ гэдэг нь тодорхой. Төр-хувийн хэвшлийн санхүүжилтийн олон төрлийн механизм энэ боломжийг бидэнд олгож байгааг алдаж болохгүй.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал хотуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний бүтээл, эрх зүй, санхүү болон технологийн орчин үеийн шийдлийг хэлэлцсэн, орц гарц, зорилго чиглэлээ тодорхойлсон бүтээлч, үр дүнтэй хурал болно гэдэгтэй итгэлтэй байна” хэмээсэн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.