Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн албанаас Олон улсын сувилагч нарын өдрийг тохиолдуулан “Өвчтөний аюулгүй байдлыг хангах” сэдэвт аяныг зарлаr, тус аяны хүрээнд сувилагч мэргэжилтнүүдийн санаачилгаар хийсэн шинэлэг, үр дүнтэй бүтээл болон ажлыг эмнэлгийн удирдлага, хамт олон, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд танилцуулах, сурталчлах ажлын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 19 чиглэлийн 325 төрлийн асаргаа, сувилгааны шинэлэг бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргалаа.
Тус үзэсгэлэнг сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, эрсдэлээс сэргийлж аюулгүй байдлыг хангах, хүнд хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй эмчлүүлэгч, мэс заслын дараах байдалтай эмчлүүлэгчдийн асаргаа, сувилгааг стандартын дагуу чанартай үзүүлэх, дэмжлэгт удирдлагаар хангах, шинэ дэвшилтэт санааг дэмжин сувилахуйн тусламж үйлчилгээндээ өргөнөөр ашиглан, шинэлэг үр дүнтэй ажлыг бусад тасаг нэгжид нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэнг 2 өдрийн турш зохион явууллаа.
Аяны хүрээнд 22 тасаг, нэгжийн сувилагч нарын өөрсдийн нөөц бололцоогоор санаачлан хийсэн бүтээлүүдийн нийт зардал 12 сая 350 төгрөг болсон бөгөөд үйл ажиллагаанд идэвхи, санаачилгатай оролцсон Мэдрэл судлалын тасаг, Гемодиализ эмчилгээний тасаг, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, Уушиг судлалын тасаг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч мэргэжилтнүүдийг эмнэлгийн захиргаанаас шагнаж урамшууллаа.