Эрүүл мэндийн даатгалын санд даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдлийг хуваалцахаар мөнгө төлж, ямар нэг өвчлөл, эрсдэл үүссэн үед оношлогоо, эмчилгээний зардлыг хөнгөлөхөөр даатгалын сангаас үйлчилгээ авдаг. Гэхдээ даатгалын санд шимтгэл төлсөн бүх хүмүүс биш эрүүл мэндийн эрсдэл үүссэн иргэд хүртдэг ба эрүүл хүмүүс нь бусдын сайн сайхны төлөө санд оруулсан мөнгөө хэрэглүүлдэг хамгийн хүнлэг, сайхан сэтгэлтэй хүмүүсийн хөрөнгөөс бүрдсэн сан гэж манай улсын эрүүл мэндийн даатгалын санг олон улсын мэргэжилтнүүд үнэлдэг юм билээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцдаг олон үйлчилгээний нэг нь эмийн үнийн хөнгөлөлт ба энэхүү үйлчилгээ манай улсад нэвтрээд нилээдгүй хугацаа өнгөрчээ. Зөвхөн Дархан-Уул аймгийн хэмжээнд гэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх хөнгөлөлттөй эмийн санхүүжилт 2013 онд 350 сая төгрөгийг зарцуулж 23600 хүнд үйлчилж байсан бол 2016 онд 694,2 сая болж, 46500 хүнд, 2017 онд 850 сая төгрөг болж жилээс жилд нэмэгдсээр байна. Мөн Дархан-Уул аймаг нь аймгийн төвдөө хүн амын нягтрал суурьшил ихтэй тул хөнгөлөлттөй жороор эм олгодог 19 эмийн сан ажиллаж, өрх, сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн кабинетийн 66 эмч жор бичдэг.
Ийнхүү хөнгөлөлттөй эмийн бодлого нь иргэд үйлчлүүлэгчид ялангуяа өндөр настан, хүүхэд, архаг хууч өвчтөй хүмүүсийн санхүүгийн эрсдлийг хуваалцсан үр дүнтэй үйлчилгээ мөн боловч эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарим сөрөг нөлөөг үзүүлж, эмч мэргэжилтнүүд төдийгүй иргэд үйлчлүүлэгчдийн бухимдлыг төрүүлсэн үйл ажиллагаа болсон байна.
Үйлчлүүлэгчид эмийг хэт замбараагүй хэрэглэх, өөрөө төдийгүй гэр бүлийнхэндээ хүнс авч байгаа мэт эмийг олноор авах, эмчээр үзлэг, оношлогоог хийлгэж, картанд тэмдэглүүлсний дараа жороо бичүүлэхгүй зөвхөн эрүүл мэндийн даатгалаар жор бичүүлэх, сарын эхэнд өглөө эрт цугларч дараалал үүсгэх зэрэг хүндрэл үүсгэдэг. Харин эмч нар хөнгөлөлттөй эмийн жорийг хурдан бичихийн тулд анхан шатны бүртгэл маягтыг дутуу хөтлөх, жор бичилтийн стандарт зөрчих зэрэг асуудал ужгирч, эмнэлгийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал болсон юм.
Иймд эдгээр асуудлыг зохицуулах зорилгоор иргэд, үйлчлүүлэгч, эмийн хөнгөлөлттөй жорийг олгоход оролцдог Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сангууд болон Ахмадын хороо зэрэг иргэнийн нийгмийн байгууллагуудтай хамтран хэд хэдэн удаагийн уулзалт зөвлөгөөн, хэлэлцүүлгийг зохион байгуулж үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсч, зөвлөлдөж ярилцсан. Үүний үр дүнд ЭМНДХ, ЭМГ-ын даргын хамтарсан А/18/А/55 тушаалаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлттөй эмийг жороор олгох журам” гаргаж 5-р сарын 2-ноос хэрэгжүүлж эхэллээ.
Журамд жорыг олгох эмч, үйлчлүүлэх үйлчлүүлэгчид, эмийг олгох эмийн сан, бодлогыг зохицуулах ЭМНДХ, ЭМГ-ын эрх үүргийг тодорхой тусгаж өгсөн ба эмч нар стандартын дагуу үзлэг, оношлогоог хийж, анхан шатны бүртгэл маягтыг хөтлөж жорийг бичих, жор бичилтын журмыг мөрдөх, сарын турш жор бичиж олгох, эмийн санч нар эмийн хангалтаа тасралтгүй хийх, үйлчлүүлэгчид эмнэлгийн үйл ажиллагааг хүндэтгэж, шаардлагатай үзлэг шинжилгээг хийлгэж, эрүүл мэндийн картанд тэмдэглэл хийлгэсэний дараа жороо бичүүлэх, эмийн эмчилгээнээс гадна эмийн бус уламжлалт, сэргээн засал, хоол засал, хөдөлгөөн заслын үйлчилгээнд хамрагдаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэрэг тодорхой заалтууд орсон.
Ийнхүү үнийн хөнгөлөлттөй эмийн жор олгох шинэ журам хэрэгжиж эхэлсэн нь хүн амын эмийг хэт шүтсэн хандлага, эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой гомдол, чирэгдэл асуудлууд тодорхой хугацаанд үргэлжлэн гарах эрсдэл бий боловч, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд итгэлтэй байна. Мөн үнийн хөнгөлөлттөй жороор олгох эмийн талаарх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идэвхи санаачлагатай оролцож, туслалцаа үзүүлсэн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын Иргэний танхим, Д.Тожил даргатай ахмадын хороо, Эрүүл мэнд нийгмийн даатгалын газрын дарга Н.Мөнхбаяр, албаны дарга А. Энхчимэг болон Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, иргэдэд эрүүл мэндийн салбарынхан талархаж байна.