НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал ШангриЛа зочид буудлын их танхимд өнөөдөр эхэллээ. Энэхүү бага хурлыг анх 2009 онд Монголын хотуудын холбоо ШУА-тай хамтран хотын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байдаг. Хурлаар хотын хөгжил, төлөвлөлт, хот байгуулалтыг шинжлэх ухаанд суурилан, дэвшилтэт технологийг ашиглаж өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлч санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зорьжээ. Хотын хөгжлийн асуудалд шинжлэх ухааны, технологийн шийдлийг нэвтрүүлэх бага хурлыг дахин сэргээж, энэ онд олон улсын хурал хэлбэрээр зохион байгуулахаар хотын удирдлага шийдвэрлэсэн байна.
Олон улсын бага хурлыг нэгдсэн хуралдаан, 3 салбар хуралдаантайгаар зохион байгуулах аж. Мөн “Хот байгуулалт, аялал жуулчлал” сэдэвт үзэсгэлэнг энэ үеэр дэлгэн үзүүлэх юм байна. “Хотын хөгжил-эрх зүйн орчин”, “Хотын хөгжил-инноваци”, “Хотын хөгжил-эдийн засаг” гэсэн гурван салбар хуралдаан явагдах юм. Энэ удаагийн олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын нийт 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид оролцож байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.