"Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум” болно

"Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум” болно


8 жил

Монгол улсын Ерөнхий Сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэгтэйгээр "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум” ирэх Баасан гарагт "Корпорэйт конвеншн центр” -т зохион байгуулагдана. Тус форумын Ерөнхий зохион байгуулагчаар Монголын салхины эрчим хүчний ассоциаци, хамтран зохион байгуулагчаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл, дэмжигч байгууллагаар Монгол Энержи клуб, Монголын Бизнесийн зөвлөл тус тус ажиллаж байна.

Монгол улсад анхны их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох Салхитын салхин цахилгаан станцыг 2013 онд ашиглалтанд оруулсан бол 2017 оны нэгдүгээр сард анхны 10 МВт-ын нарны цахилгаан станц Дархан хотод ашиглалтад ороод байна. Мөн Улаанбаатар хотоос холгүй Эвридэй Ферм ХХК-ийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс үзвэл Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 2017 оны эцэс гэхэд 120 МВт-д хүрэхээр байна.

Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний салбарт эерэг үр дүнгүүд гарч буй боловч бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд байсаар л байна.

Иймд тус форумын хүрээнд салбарын тухайн жилийн ололт амжилт, алдаа, оноогоо дүгнэж, хэлэлцэхээс гадна өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхэд чиглэсэн үндсэн 4 хуралдаанаар 20 орчим сэдвийг хөндөж ярилцах юм.

Энэхнүү форумд урьдчилсан тооцоолсноор 500 гаруй гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид оролцох ба үүний дотор Улсын Их Хурлын Гишүүн Я.Содбаатар, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Стив Сауеэр холбогдох албаны хүмүүсийн хамт, Бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак зэрэг хүндтэй зочид оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү