Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.БаярхүүМонголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар хамтран ажиллах санамж бичиг өчигдөр байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах, эрх зүйн шинэтгэлийн ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байгаа юм.
Уг санамж бичгийг байгуулж, хоёр тал ийнхүү гарын үсэг зурснаар дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог сайжруулах, талуудын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, харилцан туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.