Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, тайланг Зөвлөлдөх зөвлөлд гардуулж өгөв

Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, тайланг Зөвлөлдөх зөвлөлд гардуулж өгөв


8 жил

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр (2017.05.01) Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болсон анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, тайланг Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров нарт гардуулж өгөв.

Энэ үеэр Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Г.Чулуунбаатар, Б.Лхагважав, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, тус ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар, Ж.Мөнхбат болон Үндэсний статистикийн хорооны ажилтнууд байлцлаа.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, тайланг хүлээлгэн өгөхдөө “Санал асуулгыг зургаан сэдвийн нийт 80 асуултаар авсан. “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” сэдвээр 17 асуудал буюу нийт сэдвийн 34 хувийн, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох” сэдвээр 14 асуудал 28 хувийн, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр хоёр асуудал 4 хувийн,  “Улс төрөөс хараат  бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвээр найман асуудал 16 хувийн,  “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийн дөрвөн асуудал 8 хувийн, “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” гэсэн сэдвээр таван асуулт 10 хувийн жин эзэлсэн.

Анхдугаар санал асуулгын эхний шатанд хамрагдсан иргэдээс 669 нь хоёр дахь шатны санал асуулгад оролцлоо. Санал асуулгын эхний шатанд сонгогдсон иргэдэд ямар нэг мэдээлэл өгөлгүйгээр 1570 иргэнээр асуулгын маягт бөглүүлсэн. Харин хоёрдугаар шатны санал асуулгад оролцогчдод хоёр өдөр мэргэжлийн экспертүүдээр судалгаа, шинжилгээ бүхий тэнцвэртэй мэдээлэл өгүүлсний үндсэн дээр өмнөх асуулгын маягтыг дахин бөглүүлсэн.

Өнөөдөр та бүхэнд эхний шат болон хоёрдугаар шатанд санал асуулгыг бөглөснөөр хариултын ялгаа яаж гарсныг тайлангаар хүлээлгэн өгч байна. Тайлан цахим болон цаасан хэлбэрээр байгаа. Мөн хоёрдугаар шатанд иргэдийн бөглөсөн санал асуулгыг эх хувиар нь хүлээлгэж өгье” гэв.

Санал асуулгын үр дүн, тайланг хүлээн аваад Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав “Энэ материал архивт хадгалагдаж, үе үеийн судлаачид үзэж харах, судлах маш үнэ цэнэтэй судлагдахуун болно. Үрэгдүүлэхгүйгээр нандин хадгалах ёстой” гэв. Харин Зөвлөлдөх зөвлөлийн дарга Н.Жанцанноров санал асуулгын үр дүнг гаргахад бэрхшээл учирсан эсэхийг тодруулж асуухад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа цаг хугацааны хувьд давчуу байснаас өөр бэрхшээл учраагүйг хэллээ.

Төгсгөлд нь Зөвлөлдөх зөвлөлийн дарга Н.Жанцанноров “Статистик гэдэг бол хамгийн бодитой үр дүн гаргадаг, хамгийн бодитой шинжилгээ хийдэг онцгой алба. Та бүхэн энэ үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд ард түмнээс авсан энэ санал асуулга  хамгийн гол баримжаа болох, сайхан үйлс боллоо” хэмээн тэмдэглэн хэллээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү