Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид гал түймрийг шуурхай унтрааж, бусдын өмч хөрөнгө шатахаас хамгаалсан байна.
Тус хэлтсийн алба хаагчид энэ сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдийг камержуулах судалгаа хийж ажиллаж байх хугацаандаа иргэн А-ын хашааны шар өвс шатаж, их хэмжээний гал гарсныг шуурхай унтраасан байна. Гал тархсан бол ойр ормын дөрвөн айл, Ерөнхий боловсролын 18 дугаар сургууль галд өртөх аюултай байжээ.
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга цагдаагийн хошууч Г.Цэвээнжав, Дэд хэсгийн ахлах байцаагч цагдаагийн хошууч Р.Очирхуяг, хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Ж.Баясгалан, холбоо мэдээллийн инженер цагдаагийн дэслэгч Б.Чаминчулуун, жолооч цагдаа цагдаагийн ахлах ахлагч Ө.Түвшинжаргал нар гал түймрийг унтрааж цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ биелүүлэн, бусдын эд хөрөнгийг галын аюулаас хамгаалжээ.