Г.Болорсүх: 26 мянга гаруй ажил олгогчидтой хамтран ажилладаг

Г.Болорсүх: 26 мянга гаруй ажил олгогчидтой хамтран ажилладаг


8 жил

Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхээс энэ сарын 28-нд зохион байгуулагдах  “Ажил олгогчдын зөвлөгөөн”-ий талаар тодрууллаа.

-Ажил олгогчдын зөвлөгөөний зорилго юу вэ?

-Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байна. Бид ой угтсан олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Ойн хүрээнд 2016 оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулах, олон нийтэд сурталчилах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх, хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд 26 мянга гаруй ажил олгогчидтой бид хамтран ажилладаг. Ажил олгогч, иргэд даатгуулагч нарт эрүүл мэнд, нийгмийн даатгалын төрөөс үзүүлж үйлчилгээг илүү ойртуулах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, ая тухтай орчинд эерэг хандлагаар чанартай үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.

- Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдыг ямар шалгуураар тодруулж байгаа вэ?

-Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байгаа учир бид энэ жил 75 ажил олгогчдыг шалгаруулахаар шийдвэрлэсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан шилдэг ажил олгогчдыг шалгаруулах болзол, журмын дагуу нийслэлийн хэмжээнд 65 ажил олгогчийг шалгаруулж, үндэсний 10 шилдгийн шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгарууллаа. Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан даатгуулагчийн тоогоор тэргүүлсэн байх, Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн бодитой тодорхойлж, шимтгэл төлөлтөөрөө тэргүүлсэн байх шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг. Мөн тайланг хуулийн хугацаанд тушаасан, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан байх, Даатгуулагчийн тогтвортой байдал, өсөлт, Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт зэргийг харгалзан үзэж, шалгаруулалтыг хийлээ. Түүнлэн Нийгмийн даатгалын хууль тогтоомж, зорилго зорилтыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд идэвх санаачлагатай хариуцлагатай ажилласан аж ахуй нэгж байгууллагын нягтлан бодогч нарыг салбарын шагналаар шагнаж урамшуулна.

-Зөвлөгөөнд хичнээн ажил олгогч оролцох вэ?

-Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1000 ажил олгогч оролцоно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ЭМНДЕГ-ын удирдлагууд болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцоно. Зөвлөгөөн энэ сарын 28-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох бөгөөд шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдыг шалгаруулахаас гадна хууль тогтоомжийг сурталчилах нээлттэй өдөрлөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэл болон 9 дүүрэг хамтран зохион байгуулна

-Сүүлийн үед ажил олгогчдод хууль сурталчилах, тухайн байгууллага дээр нь очиж, зөвлөгөө мэдээлэл өгөх ажлууд хийгдэж байгаа гэж сонссон.

-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага ажил олгогч, иргэд даатгуулагчидтайгаа хамтран ажиллаж, хууль тогтоомжийг сурталчилах, шимтгэлийн өр авлагыг барагдуулах чиглэлээр хамтран ажилладаг. Нийслэлийн 9 дүүргийн ажил олгогчдод эрүүл мэнд, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилах ажлууд хийгдэж байна. 1000-аас  дээш ажилтан, албан хаагчидтай байгууллага дээр очиж, бид нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлж байгаагаас гадна тэтгэврээ тогтоолгох эрх нь үүсэх гэж байгаа иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Үүнд иргэд их талархалтай хүлээж авч байна. Ажил ихтэй болохоор тэр бүр зөвлөгөө мэдээлэл авч чаддаггүй хүмүүс ажлын байран дээр нь очиж үйлчилнэ гэдэг шинэлэг үйлчилгээ төдийгүй нийгмийн даатгалын ач холбогдлыг ойлгуулах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн ажил олгогчын хариуцлагыг ойлгуулахад их тустай гэж бодож байна. Мөн хууль тогтоомжийн талаарх сургалт мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй байгууллагууд албан хүсэлтээ ирүүлж байгаа байгууллагуудтай бид ч хамтран ажиллаж, сургалт зохион байгуулж байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 80 гаруй байгууллагад очиж, зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.

-Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа вэ?

-НДҮЗ-ийн тогтоолоор Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх журам-ыг шинэчлэн баталсан. Энэ журмаар Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, ажил олгогчдыг урамшуулах, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зэрэг зохицуулалтыг хийснээрээ ач холбогдолтой.

Мөн бид ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, 3 жил дараалан сангаас зардал гаргаагүй ажил олгогчийг 2018 оноос зохих шимтгэлийн хөнгөлөлт эдлүүлэх, тэдгээрийг сурталчилах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Нийслэлийн хэмжээнд нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагч, ажил олгогчид хөнгөн шуурхай хүргэх тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

Нийслэлийн алслагдсан хорооны иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг ойртуулах зорилгоор 2016 онд Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тасгийн барилгыг ашиглалтанд оруулан ажиллаж байна. 2017 оны 5 сараас Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн алслагдсан хороодын ажил олгогч, иргэдэд үйлчлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 буудалд шинээр тасгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлээд байна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 1995-2005 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг мэдээллийн санд бүрэн оруулах, хянан баталгаажуулах аян зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ ажлыг нийслэлийн хэмжээнд эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр тухайн оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг цахим хэлбэрээр авах, цаашлаад нийгмийн даатгалын байцаагч иргэдийн шимтгэл төлөлтийг цахимаар шалгах болсноор иргэдээс мэдээлэл шаардахгүй болох зэргээр үйлчилгээ боловсронгуй болж сайжрах давуу талууд бий болно.

Сайн дурын даатгуулагчийн шимтгэл төлөлтийг цахим банк, мобайл банкаар төлөх боломжийг илүү түгээх, мөн энэ ондоо багтаан нийгмийн даатгалын төлөлттэй холбоотой аппликэйшн бий болгох, ажил олгогчийн тайланг цахим гарын үсгээр илгээх зэрэг ажлуудыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

-Шимтгэлийн өр, авлагатай байгууллагууд цөөнгүй байдаг байх. Энэ чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагыг бууруулах, нэмж авлага үүсгэхгүй байх талаар онцгой анхаарч ажиллаж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсгэсэн ажил олгогчдод өр барагдуулах хугацаатай мэдэгдэл өгөх, их хэмжээний хуримтлагдсан авлагатай аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудтай биечлэн уулзах, хугацаатай гэрээ байгуулах, албан шаардлага хүргүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч байна. Манай газрын хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн байцаагчид дүүргүүдэд ажиллаж байгаа бөгөөд тодорхой үр дүн гарч эхэлж байна.

 -Танд баярлалаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү