Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний талаар НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийлээ. Тус тэмцээний зорилго нь Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршино.
Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10 дахь хэсэгт “Иргэнд эх оронч үзэл, хүмүүжил, үндэсний бахархал, уламжлалыг төлөвшүүлэх, боловсрол, оюун санаа, бие бялдрыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн заалт, Батлан хамгаалахын сайдын Нийслэлийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Цэргийн насны болон өсвөр насны иргэдийн дунд эх оронч үзэл хүмүүжил олгох” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/108 дугаар захирамж гарч, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 05-18- ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Нэгдүгээр шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2000 гаруй ахлах ангийн сурагчид хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин оролцсоноос дараахь сургуулийн багууд эхний байруудад шалгарч, тэмцээний хоёрдугаар шатанд оролцохоор болсон байна. Үүнд:
- Баянгол дүүргээс 38 дугаар сургуулийн “Сүлд” баг
- Баянзүрх дүүргээс 68 дугаар сургуулийн “Дуулга” баг
- Сонгинохайрхан дүүргээс 124 дугаар сургуулийн “Цасны барс” баг
- Сүхбаатар дүүргээс 11 дүгээр сургуулийн “Цэгц-11” баг
- Хан-Уул дүүргээс 60 дугаар сургуулийн “Цэгц” баг
- Чингэлтэй дүүргээс 24 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг
- Багануур дүүргээс 66 дугаар сургуулийн “Соёмбо” баг
- Налайх дүүргээс Чандмань сургуулийн “Чандмань” баг
-Багахангай дүүргийн Багахангай цогцолбор сургуулийн “Ялалт” багууд шалгарсан байна. Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр 11.00 цагт эхэлнэ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас мэдээллээ.