Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөртэй боллоо

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөртэй боллоо


8 жил
Засгийн газрын ээлжит 18 дугаар хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлаж мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг сайд Ц.Номтойбаярт даалгав.

Хөтөлбөрийг эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхийн тулд шааардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байх юм.

Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх нийтэд тогтсон хэвшмэл ойлголтыг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээ авах хуулийн хэрэгжилтийг хангах, нийгэм, соёл, гэр бүл, эдийн засаг, улс төрийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахаар зорьж байна.

2021 он гэхэд:

- Хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх тухай асуудлыг хөдөлмөрийн дотоод журамдаа тусгасан байгууллага, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэнэ

- Эрэгтэйчүүдэд тусгайлсан тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт бий болно

- Олон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой өрх толгойлсон эцэг, эхийн амьжиргааг дээшлүүлэх жендэрийн мэдрэмжтэй бодлоготой болно

- Жендэрийн сургалтад хамрагдсан удирдах ажилтан, төрийн албан хаагч 50 хувиар нэмэгдэнэ

- Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгж бүх аймаг, дүүрэгт ажиллана

- Дүрэмдээ улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн суудлын квотыг 30 хувиас доошгүйгээр тогтоосон намын тоо нэмэгдэнэ

- УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квот 30 хувиас доошгүй байх эрх зүйн орчин бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж тооцоолж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү