Архангай аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Архангай-1, 2 байгууллага, Боловсрол соёл урлагийн газар, Японы хүүхдийг ивээх сан хамтран 19 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг 04 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.
“Өсвөрийн аврагч” тэмцээнийг сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах анхан шатны мэдлэг олгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Тэмцээний эхний шатанд Онцгой байдлын газар, Дэлхийн зөн Монгол Архангай-1 байгууллагаас сумдын өсвөрийн аврагч бүлгэмийн сурагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хүүхэд хамгааллын чиглэлээр танхимын сургалтыг зохион байгуулж, тэмцээний үед мөрдөх аюулгүй ажиллагааны талаар мэдлэг ойлголтыг өглөө.
Тэмцээнд 9 сумын ЕБС-ийн 16 багийн 9-12 дугаар ангийн сурагчид, нийгмийн ажилтан нийт 110 гаруй хүн хамрагдаж хурд, хүч, авхаалж, самбаагаа сорилоо.
Тэмцээний үеэр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас өмсөх, бие бялдрын бэлтгэл, жагсаалын бэлтгэл, гал унтраах байлдааны тархалт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хоёр км зайд гүйх, хорт хий утаанаас хамгаалах баг өмсөх зэрэг төрлөөр өрсөлдлөө.
Тэмцээний тэргүүн байранд Чулуут сумын ЕБС-ийн сургуулийн “Чулуутын жавхаа”, дэд байранд Хайрхан сумын ЕБС-ийн сургуулийн “Шонхор-2” баг, гуравдугаар байранд Эрдэнэбулган сумын ЕБС-ийн 3-р сургуулийн “Ирээдүйн аврагч” баг шалгарсан бол тусгай байрыг Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн “Энхийг сахиулагчид ” баг эзэлж, цом, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.