“Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийн явцыг мэдээллээ

“Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийн явцыг мэдээллээ


8 жил

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нийтдээ Монгол Улсын 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамжийг нийлүүлэх юм.



Уг төсөл хэрэгжсэнээр салбарын мэдээллийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдэж, үйлчлүүлэгчдийн хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, хүртээмжтэй үзүүлэх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон улсын стандартад нийцүүлэн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангахуйц нэгдсэн мэдээллийн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх ба тусламж үйлчилгээний чанар дээшилж, шаардлагагүй, давтан шинжилгээний тоог бууруулж зардал хэмнэх, эмийн жорыг цахим хэлбэрт оруулах замаар эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжих зэрэг ач холбогдолтой.

Энэхүү төслийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2015 оны 12 сараас нийт 437 компьютер, 25 хэвлэх төхөөрөмж, 40 гаруй сүлжээний хуваарилагч төхөөрөмж, 2 сервер компьютер, 400 цахилгаан баригч, 1 IP PBX дотуур холбоо, дизель цахилгаан үүсгэвэр г.м. нийт 23 нэр төрлийн 1017 ширхэг тоног төхөөрөмжийн угсралт, шинэчлэлийг тасаг, нэгжүүдэд гүйцэтгэсэн. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс цахим эрүүл мэндийн “eHealth” програм хангамжийн боловсруулалт, нэвтрүүлэлтийг хариуцан ажиллаж буй “Метронэтворкс” ХХК нь ЭХЭМҮТ-д ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд тус төвийн товлолт цаг олголт, хүүхдийн ба эх барих, эмэгтэйчүүдийн амбулаторийн үзлэг, үйл онош, лабораторийн хэсгүүдэд амжилттай суурилуулснаар амбулаторийн үзлэг, эмчилгээний үйл явцыг түргэсгэж үйлчлүүлэгчдээс талархал хүртэж эхлээд байна. Өнөөгийн байдлаар хэвтэн эмчлүүлэх хэсгийн мэдээллийн цахимжилтын ажил эхлээд байгаа бөгөөд энэ оны 5 сард багтаан цахимжуулалтад бүрэн шилжихээр хамтран ажиллаж байна гэж ЭХЭМҮТ-өөс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү