170 дугаар цэцэрлэгт хамран сурах тойргийн хүүхдүүд бүрэн хамрагдаж байна

170 дугаар цэцэрлэгт хамран сурах тойргийн хүүхдүүд бүрэн хамрагдаж байна


8 жил

Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны бяцхан үрс 170 дугаар цэцэрлэгт бүрэн хамрагдсанаар Улаанбаатар хотын хамгийн анхны хүүхдүүдээ 100 хувь сургуулийн өмнөх насны боловсролд хамруулсан хороо боллоо. 170 дугаар цэцэрлэг нь XXV хорооны сургуулийн өмнөх насны бүх хүүхэд хамрагдсан цэцэрлэг гэдгээрээ онцлог төдийгүй боловсролын стандартдаа монгол хүүхдэд монгол арга ухааныг заах хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхны цэцэрлэг болж, улмаар “Удамт Монгол хүүхэд” нэртэй хөтөлбөрийнхөө нээлтийг хийсэн юм. Уг арга хэмжээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон тэргүүтэй боловсролын салбарын удирдлагууд, бусад албаныхан, эцэг, эхийн төлөөлөл оролцов. Тус цэцэрлэг нь 2011 онд 100 хүүхдийн хүчин чадалтайгаар нээгдсэн бөгөөд одоогийн байдлаар 18 бүлэгт 620 гаруй хүүхэд суралцаж байна. Цаашид энэ газар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 600 хүүхдийн цогцолбор сургууль барихаар гэрээ хэлэлцээр байгуулжээ. Энэ талаар 170 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Барнан “Манай хороо бол 12 мянган хүн амтай. Цэцэрлэгийн насны 1000 гаруй хүүхэд бий. Бага сургуулийг цэцэрлэг болгон өргөтгөснөөр дээрх хүүхдийн 90 орчим хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж чадсан. 24 цагийн үйл ажиллагаатай ангидаа ойролцоох 4 хорооны зорилтот бүлгийн 60 хүүхдийг сургаж байна. Манай цэцэрлэг өмнө нь 4 бүлэгтэй байсан. Харин одоо 18 бүлэгтэй болсон. Цэцэрлэгийн доторх тохижилтыг багш нарынхаа хүчин чармайлт, идэвх санаачлагаар бий болгосон. Монгол ёс заншил, нүүдэлчин соёл бий болгох энэ уур амьсгалыг эцэг эхчүүдийн дэмжлэг, тусламжтайгаар хийлээ. Тиймээс багш нар болон эцэг, эхчүүддээ талархал илэрхийлье” гэсэн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “2016 оны НИТХ-ын сонгуульд МАН-аас ““Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэн хороо бүрт сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийднэ” гэсэн амлалтыг өгч байсан. Үүний эхний биелэлт бол Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны 170 дугаар цэцэрлэг боллоо. Бид энэ хорооны цэцэрлэгийн хамрагдалтыг 100 хувь шийдэж чадлаа. Анх 100 хүүхдийн хүчин чадалтайгаар 2011 онд төлөвлөгдсөн байдаг. Гэтэл өнөөдөр 600 хүүхэд хамруулан сургаж байна. Энэ нь тус тойргоос сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн удирдлагуудын ажлын үр дүн юм. Энэ цэцэрлэгийн хүүхдүүд зөвхөн дуу, шүлэг сурч хүмүүжихээс илүүтэй монгол уламжлалаа мэдэх зорилго бүхий “Удамт Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаагаараа бусад цэцэрлэгээс онцлог. Монгол ахуй, уламжлал, таван хошуу малын аргаль, хоргол, хужир, тэжээлийг өөрийн биеэр барьж мэдрэхээс гадна эсгий хийх, дээл эсгэх зэргийг сурч байгааг та бид харж байна. Үүнийг цаашид бусад цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт тусгах талаар төлөвлөж байна. Мөн бид Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны цэцэрлэгүүдэд оюун ухаан хөгжүүлэх тусгай хөтөлбөрүүдийг Оюун ухааны академитай хамтран туршилтаар хэрэгжүүлж байгаа”  гэв.

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон “Сонгинохайрхан дүүрэг тэр дундаа Баянхошуунд сургуулийн өмнөх насны боловсролын хүүхдүүдийг энэ цэцэрлэг 100 хувь хамруулаад байна. Зөвхөн өөрийн хамран сургах тойргоос гадна 4 хорооны хүүхдүүд 170 дугаар цэцэрлэгт явдаг. Үүнээс гадна 24 цагийн анги гэж бий. 2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүүхдүүдийг монгол ахуй, заншилд түлхүү суралцуулъя гэж дүгнэсний эцэст эхний ажлаа үр дүнтэй хэрэгжүүлээд явж байна. Анх бид юу сурч мэдэх ёстой, хаанаас гаралтай, юу эдэлж хэрэглэж байсан бэ гэдгийг цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зааж сургаж байна. Хүүхдүүд ааруул хийж, дээл эсгэж, монгол уламжлалаа сурч байна. Ерөнхийдөө бид бүхний төлөвлөсний дагуу Улаанбаатар хотын бүх сургууль цэцэрлэгийг ийм программтай болгохыг зорьж байгаа. Цэцэрлэг нь кабинетын зарчмаар ангиа сэлгээд хичээлүүддээ суугаад явдаг. Энэ маш шинэлэг зүйл бөгөөд энд ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийн хүчинд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээс сургуулийн эрхлэгч болон багш нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсье” гэлээ.

Монгол Ардын Нам 2016 оны сонгуульд оролцохдоо хүнээ дээдлэх үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөртөө бага насны хүүхдүүд, эхчүүд ахмадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх улмаар хүүхдийн цэцэрлэгийн “Жаргалтай үрс” төсөл хэрэгжүүлнэ хэмээн амласан. Хөтөлбөрийн 4.1.2-т цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр жаргалтай үрс төсөл хэрэгжүүлэн, хороо бүрийг цэцэрлэгтэй болгон сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 85 хувьд хүргэнэ гэж заасан байдаг бол энэхүү төлөвлөгөө нь өнөөдрөөс бодит үр дүн болон хэрэгжиж эхэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү