Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Хамгаалалтын бүс шинэчлэн батлагдсантай холбогдуулан Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын талаарх судалгааг гаргасан. Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, түүний хамгаалалтын бүс, үерийн эрсдэлтэй бүс, зурваст зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 3100 орчим нэгж талбарт иргэн аж ахуйн нэгж байгууллага байрлаж байгааг тогтоосон. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/221 дүгээр захирамж, нийслэлийн Онцгой комиссын 2017 оны 03 дугаар албан даалгавар, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны А/24 дүгээр тушаал, Байгаль орчны багц хууль тогтоомжийн нэгдсэн хяналт шалгалт хийх тухай 2017/06 дугаар удирдамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийг энэ сарын 10, 13, 14, 15-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт ажиллуулсан. Нийслэлийн төвийн 6 дүүргийн гол болон туслах замуудад угсарч байрлуулсан замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглэгээний ашиглалтад Замын цагдаагийн алба, УБЗЗАГ ОНӨААТҮГ-уудтай хамтран үзлэг тооллого хийж, гудамж замын тэмдэг тэмдэглэгээг сэргээх ажлыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдал өмнөх 14 хоногтой харьцуулахад харьцуулахад 2206 нэгж буюу 18 хувиар, 2061 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 18 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтэй байна. Мөн хугацаанд давхардсан тоогоор 2730 алба хаагч эргүүлд үүрэг гүйцэтгэн зөрчил гаргасан 5950 иргэнийг 16.260.000 төгрөгөөр торгож, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1076 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 357 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 31 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн ажилласан. “Аюулгүй хот” төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Телекамер”, “Эргүүл”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” гэсэн 3 дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3604 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 122, зөрчлийн шинжтэй 1135 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1257 ослыг материалжуулан шалгаж байна. Ирэх зургадугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд зохион явуулж байгаа “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяны хүрээнд Энхтайваны өргөн чөлөөн дэх хөдөлгөөний ачаалалтай зам, явганы гарцууд буюу 15 цэгт 52 олон нийтийн цагдааг ажиллуулж хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.
НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим 2-3 удаагийн бага хэмжээний хур тундас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор дулааны эрч сулавтар байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “Дунд” зэрэгт байна. Хуурайшилтын аюултай зэргийн үед нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар энэ сарын 10-ны өдрөөс зохион байгуулан 59 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт явуулж хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа” гэв.
“Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж хашаа барьсан болон барилгын нүх ухаснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй иргэн, аж ахуйн нэгжид шалгалт явууллаа. Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн 341 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, мөн барилга байгууламжийн нүх ухсан 70 зөрчил илэрсэн байгаа. Эдгээр 70 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 5 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Хоггүй хот-Утаагүй Улаанбаатар” сэдвээр Нийслэлийн иргэний танхимд 9 дүүрэг болон 152 хороодын Засаг дарга, 183 хэсгийн ахлагч нарыг хамруулж хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Бид өмнөх асуудлаа цэгцэлж байж дараагийн газар олголтын асуудлаа ярих болно. Зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтрүүлж барьсан хашааг буулгах асуудлыг түргэвчилж, дүүргийн Засаг дарга нар энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг сайн бэлтгэж зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.