Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 7 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж улсын аваргуудаа тодрууллаа.
Урьдчилсан шалгаруулалт энэ сарын 4-нд явагдаж 6-60 насны нийт 110 тамирчин өрсөлдсөнөөс сүүлийн шатны тэмцээнд нийт 56 тамирчин шалгарч бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд ОУ-ын Их Мастер 5, Их Мастер 1, ОУ-ын Мастер 6 тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болголоо. Ингээд хоёр өдөр үргэлжилсан тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Б.Хангал (3969 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (7453 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртсэн бол нийт оролцсон тамирчдаас Улсын аваргаар дунд насны ангилалд өрсөлдсөн Монголын Оюун Ухааны Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор шалгарч 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж Монгол болон Азийн чансаанд 1-т, дэлхийн чансаанд 5-т бичигдлээ. Ихэр тамирчид болох ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо), ОУ-ын Их Мастер Н.Энхшүр (7045 оноо) нар хоёр, гуравдугаар байрт орж 750 мянга, 500 мянган төгрөгийн шагнал тус тус хүртлээ.
Мөн бүх насны ангилалд маш олон улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тухайлбал, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 10 минутад 9.5 багц хөзөр буюу 493 ширхэг хөзөр, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 5 минутад 1125 цифр, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 5 минутад 297 зураг тогтоон алдаагүй санаснаар дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилт тогтоолоо.
Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул, Орхон, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудаас тамирчид оролцож медаль хүртэн улсын болон дэлхийн дээд амжилт тогтоож байгаа нь ой тогтоолтын спорт орон нутагт маш сайн хөгжиж байгааг харуулсан үйл явдал боллоо.
Тэмцээний зорилго нь тогтоох чадвараа хөгжүүлж сурах арга барилыг эзэмшсэн оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулахад оршино.
Дашрамд дурдахад манай байгууллага өнөөг хүртэл дотооддоо оюуны спортын 68 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 4700 гаруй тамирчдыг хамруулсан ба Америк, Англи, Хятад, Энэтхэг, Филиппин, Швед зэрэг олон улсын чанартай 43 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 612 медаль хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.
"Тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа баяр хүргээд цаашдын хичээл ном, ажил үйлст нь өндөр амжилт хүсье. Мөн сурагчдаа гайхалтай түвшинд бэлдэж амжилтынх нь үндэс болсон сурган хүмүүжүүлэгч багш нар болон эцэг эхчүүдэд нь талархсанаа илэрхийлье".