Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банкны “Улаанбааар хотын тээврийн чадавхыг бэхжүүлэх” ТА-8212MON техникийн туслалцааны багийн хамтарсан семинар Шангрелла-д боллоо.
Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн Хөгжлийн банкны Нийтийн тээврийн мэргэжилтэн Ки Жүн Ким, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, ЭХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НАЗГ-ын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн нийтийн тээврийн орлогч дарга Х.Булган болон бусад албаныхан оролцлоо.
Арга хэмжээг нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү нээж хэлсэн үгэндээ “Бид 2016-2020 он гэхэд Улаанбаатар хотоо өндөр технологид суурилсан, өөрийн өвөрмөц дүр төрх бүхий Зүүн хойд Азидаа санхүү эдийн засгийн бүс нутаг болгохоор зорин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд BRT төслийг хэрэгжүүлэхээр болсон. Улаанбаатар хотын нийтийн тээврийг өөрийн гэсэн өнгө төрхтэй болгох хэрэгтэй гэж үзэж байгаа учраас бид дээрх төслийг хэрэгжүлэхээр зорьж байна. Улаанбаатар хот өвөлдөө маш хүйтэн, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт сайнгүй, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж, соёл муу байгаагаас үүдэн иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос аль болох татгалзаж байна. Энэ төсөл маань үүнийг шийдэж өгнө гэж харж байгаа. Бидний үзэж байгаагаар Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, тэр дундаа МУБИС –аас УИД хүртэлх замд байрлах автобусны буудлуудыг сүүлийн үеийн шилэн пассадтай болгох, барилгууд руу холбож, иргэдийнхээ дулаан, аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд уг төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Энэ далимыг ашиглаад төслийн багийн бүрэлдэхүүнийг БНХАУ –ын И Чан хотод очиж туршлага судлах боломжоор хангаж өгсөн Азийн Хөгжлийн банкны хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.
Азийн Хөгжлийн банкны Нийтийн тээврийн мэргжилтэн Ки Жүн Ким “2012 оноос хойш хийгдсэн BRT-ын зураг төслийн ажил нь хуучирсан байсныг шинэчилж нарийвчилсан зураг гаргаж өнөөдөр ийнхүү тайлангуудаа танилцуулахад бэлэн боллоо. Уг төслийн хүрээнд Герман улсаас ирсэн авто зогсоолын тусгай мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Улаанбаатар хотын авто зогсоолын төвүүдийн байршлаас хамаарсан төлбөрийг судалж, авто зогсоолын менежментийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Судалгаанууд нь нэлээд үндэслэлтэй, дүн шинжилгээ хийхэд боломжийн байгаа. Мөн үүн дээр өрхийн судалгааны дүнг танилцуулсаны дараа нэлээд зүйл тодорхой болно. Гол асуудал бол Их тойруу, Нам Ен Жү –ийн гудамж зэрэг нь маш их хөдөлгөөнтэй шугаманд хийгдэх ажлууд байна. Энэ хоёр шугамыг зэрэг ажиллуулах боломжгүй учраас гурав дахь шугам буюу 7 буудлаас хотын төв чиглэлийн авто зогсоолын ажлыг Азийн Хөгжлийн банкны төслөөр хэрэгжүүлэх гэж байна” гэлээ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Өнөөдөр BRT төсөл хэрхэн хэрэгжих талаар холбогдох байгууллагуудын төлөөллүүд танилцуулга хийж байна. BRT төслийн төлөвлөлттэй холбогдуулан авто зам, тусгай замын нийтийн тээврийг аль хэсгээр хэрхэн зорчуулах, авто зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх зэрэг ерөнхий төлөвлөлттэй уялдуулан Авто замын газрын зүгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулна. BRT төсөл нь энэ оноос эхлэн 2019 он хүртэл хэрэгжихээр болоод байна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.