УИХ-ын Тамгын газар номын өдөрлөг зохион байгуулав

УИХ-ын Тамгын газар номын өдөрлөг зохион байгуулав


8 жил

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) анх 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан “Дэлхийн номын өдөр”-ийг өнөөдөр (2017.04.19) Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар, хэвлэлийн газруудтай хамтран Төрийн ордонд зохион байгуулж байна. Номын өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд болон Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, гишүүдийн зөвлөх, туслахууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцов.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын зүгээс хүүхэд залуучуудыг номонд дуртай болгох, номыг нийтэд түгээх үүднээс Номын сангийн тухай хуулийг 2014 онд баталсан. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх номын сангийн удирдлага, зохион байгуулалт, номын сангийн фонд, номын сантай холбоотой бүхий л асуудал хуулийн хүрээнд зохицуулагдаж байгааг дуулгахад таатай байна” гээд УИХ-ын Тамгын газар гурав дахь жилдээ “Дэлхийн номын өдөр”-ийг амжилттай зохион байгуулж байгааг онцоллоо.

Дараа нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Зүмбэрэллхам нарт УИХ-аас хэвлэгдэн гарсан хандивын багц ном гардуулан өглөө.

Мөн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга үг хэлсэн юм. Тэрбээр "Энэ жил "Дэлхийн номын өдөр"-ийг тохиолдуулан ЮНЕСКО хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулж байна. Үүний дотор хараагүй, харах мэлмийний бэрхшээлтэй иргэдийг номоор хангах ажлыг чухалчилж байна. Манай улсад 16 мянган хараагүй иргэд бүртгэлтэй байдаг. Гэтэл 2005 оноос хойш ердөө 260 ширхэг хэвлэмэл материалыг хараагүй иргэдэд зориулж гаргасан тоон баримт байна" гээд ялангуяа хараагүй хүүхдүүдэд зориулсан сурах бичиг, гарын авлага дутмаг байгаа тул төр, засаг, олон нийтийн байгууллагууд, тэр дундаа ном, хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ асуудлыг анхааралдаа авахыг хүссэн юм.



Номын өдөрлөгт “Интерном”, “Аз хур”, “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэпресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулан номын хямдралтай үйлчилгээ үзүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү