Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай болсон тухай батламжийг “ABS” (Asia Broadcast Satellite) компанийн захирал Томас Чой Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа.
УИХ-ын дарга М.Энхболд 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа сансрын хиймэл дагуулыг ашиглан өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газрын байршил үл хамааран Монгол орны өргөн уудам бүс нутаг даяар чанартай, шуурхай хүргэх ажлыг эхлүүлж байсан нь ийнхүү биеллээ оллоо.
“МОНГОЛСАТ-1” хиймэл дагуул энэ оны нэгдүгээр сараас тойрог замд орсон бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс Монгол Улс ашиглаж эхэлж байгаа юм. Бид хиймэл дагуулыг ашиглан хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, онцгой байдлын зэрэг олон салбарын чухал мэдээллүүдийг хүлээн авахаас гадна интернэт болон телевизийн өргөн нэвтрүүлгийн хэрэглээг хамгийн хямд үнээр, хамгийн чанартай хүртэх боломж бүрдэж байгаа юм.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Арав гаруй жилийн өмнө эхлүүлсэн ажил маань биеллээ олж, Монгол Улс орчин үеийн хамгийн дэвшилт технологитой “МОНГОЛСАТ-1” хиймэл дагуултай болж байгаа нь бидний хувьд маш бахархалтай түүхэн үйл явдал юм” гэдгийг онцоллоо.
Ноён Томас Чой “Монголчуудын хиймэл дагуултай болох хүсэл мөрөөдөл 10 гаруй жилийн өмнө эхэлснийг би ойлгосон. Энэ мөрөөдлийг биелүүлэхэд эрхэм УИХ-ын дарга Та ихээхэн хүчин чармайлт гаргасныг ч мэднэ. Тиймээс Танд талархал илэрхийлж, баяр хүргэе” гэв.
“МОНГОЛСАТ-1” дагуулыг ашиглаж эхэлснээр интернэтийн хэрэглээний үнэ өнөөгийнхөөс 50 хувь хямдарна. Монгол орны аль ч газар нутагт ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн гар утасны хэрэглээнд чанарын хувьсгал гарна. Илүү чанартай, өндөр хурдтай, хоёр дахин хямд хэрэглээгээр хангагдана. Кабелийн телевизийн 100 орчим сувгийг хот, хөдөө хаана ч шууд үзэх боломжтой болох юм. Товчхондоо Дэлхийн улс орнуудаас хамгийн хямд, хамгийн чанартай интернэтийг сансрын хиймэл дагуул ашиглан хэрэглэх боломж Монгол Улсад анх удаа тохиож байна” гэж хэллээ.
“ABS” компани энэ чиглэлээрээ 11 жил үйл ажиллагаа явуулсан, сансарт долоон хиймэл дагуул эзэмшдэг, олон улсын хэмжээний, тэргүүлэгч компани билээ. Тэд өөрсдийн хөрөнгө оруулалтаар энэхүү хиймэл дагуулыг хөөргөсөн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.