НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан мэдээгээр хятадууд хамгийн их жуулчилдаг улс хэвээр байгаа гэжээ. Ялангуяа АНУ руу хамгийн их жуулчилж байгаа улс орны жагсаалтыг Хятад тэргүүлсээр байна. Хятадуудын араас Америкчууд, Германчууд, Англичууд, Францчууд оржээ.
2016 онд хятадууд гадаад улс орон руу аялахад 262 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх 2015 онтой харьцуулахад 12 хувиар өссөн дүн юм. Харин америкчууд аялалд 122 тэрбум ам.долларыг зарцуулжээ.
Хятадын аялал жуулчлалын салбар 2012 оноос хойш тасралтгүй өсч байгааг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага онцолжээ. Хятадын 13 дугаар таван жилийн төлөвлөгөөнд аялал жуулчлалын салбарын орлогын өсөлтийг хоёр оронтой тоонд хүргэнэ гэсэн зорилт тавьсан юм.
Хятадууд АНУ-аас гадна Ази, Номхон далайн бүсийн орнууд руу, тэр дундаа Япон, Өмнөд Солонгос, мөн Европ руу жуулчлах нь нэмэгдсээр байна.