Батлан хамгаалахын багц хууль 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр батлагдан хэрэгжиж байна. Уг хуулиудыг нийслэлийн хэмжээнд сурталчлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/128 дугаар тушаалаар Батлан хамгаалах багц хуулийг сурталчлах ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сарын 13, 17-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуульд батлан хамгаалах багц хуулиудын шинэчлэлийн талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалтад нийт 800 гаруй багш, оюутан, ажилчид, албан хаагчид хамрагдсан байна. Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд батлан хамгаалах багц хуулийг сурталчилсан мэдээллийн самбаруудыг нийслэлийн 152 хороонд байрлуулж, 11 байгууллагын 4500 гаруй иргэнд сурталчилгааны ажлыг зохион байгуулж, батлан хамгаалах хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгчээ.
Эх сурвалж: Нийслэлийн Цэргийн штаб