Ж.Сандагсүрэн: Толгойтын 3.6 км замын ажлыг энэ зун дуусгана

Ж.Сандагсүрэн: Толгойтын 3.6 км замын ажлыг энэ зун дуусгана


8 жил

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 14 хоног тутамд зохион байгуулдаг “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийнхэн оролцож мэдээлэл хийлээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлтэй, түргэн шуурхай хүргэж байх үүднээс нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа нар дүүрэгтээ хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд өнгөрсөн найман сарын хугацаанд гурван тэргүүлэх чиглэлийг тавьж ажилласан байна. Үүнд Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, дүүргийн гэрэлтүүлэг болоод гудамж талбайн тохижилт, камержуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл, аюулгүй, хоггүй орчинд амьдруулах үүднээс гурван сарын аян зохион байгуулж ажилласан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Толгойтын эцсээс Орбитын уулзвар хүртэл 3.6 км замыг энэ зундаа багтаан дуусгахаар ажиллаж байна. Мөн Үйлдвэрчний гудамжийг “Москва хороолол”-той холбох зам энэ жилээс эхлэн хийгдэж эхэлнэ. Ойрын хоёр жилдээ багтааж туслах замуудын ажил хийгдсэнээр Улаанбаатар хотын баруун чиглэл рүү чиглэсэн замын ачаалал буурах болно. Мөн сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах арга хэмжээг авч байна ” хэмээлээ.

Тус дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгөөр 120 хүүхдийн ортой 41 дүгээр яслийн өргөтгөлийн ажил, концессын гэрээгээр 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг хийж гүйцэтгэсэн. Мөн 20, 22-р хорооны цэцэрлэгийн барилгын ажил 60 хувьтай байгаа аж. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 3-р хорооны хуучин өрхийн эмнэлэг, 31-р хорооны ахуйн үйлчилгээний байруудыг засварлан цэцэрлэгийн зориулалттай болгосон байна. Мөн дүүргийн хэмжээнд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 13 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчны газарт хүргүүлсэн гэдгээ дүүргийн удирдлагууд хэлж байлаа.

“Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. 15,000-аас дээш хүн амтай хоёр хороо байна. Хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 10,000-аас дээш хүн амтай 9 хороог хуваах судалгааг гаргаж ИТХ-д хүргүүлээд байгаа. “Иргэдээ сонсъё” аян зохион байгуулж 32 хорооны 2500 орчим иргэний давхардсан тоогоор 490 орчим асуулт, саналыг бичгээр авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дэс дараатай шинэчлэх ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлтийг гаргуулан иргэдээс санал авч хот төлөвлөлтийн газарт хүргүүлээд байгаа” хэмээн Засаг дарга Ж.Сандагсүрэн ярьж байв. 

Сонгинохайрхан дүүрэг цаашид хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын аижл хийхээр төлөвлөсөн аж. Тухайлбал, Австри Улсын хөнгөлөлттэй зээлээр дүүргийнхээ нутаг дэвсгэрт 100 камер, 10.587 гэрэлтүүлэг хийхээр төлөвлөжээ. Гэрэл цахилгаанд холбогдоогүй 1300 айлыг нийслэлийн төсвийн санхүүжилтээр 100 хувь эрчим хүчинд холбох аж. Мөн 640 хүүхдийн суудалтай 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн 6, 25, 26, 32-р хороодод БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлж ерөнхий боловсролын бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэх боломжтой болгон анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэхээр зорьж буй аж. Мөн 9, 62, 65, 76, 106, 107, 122-р сургуулийн өргөтгөлийн барилга, Ирээдүй цогцолборын бага сургуулийн давхарын өргөтгөлийн барилгын ажлуудыг конценсийн гэрээгээр эхлүүлэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү