Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2016 оны ургацаас 39.8 мянган тонныг нөөцлөж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдээд байна.
Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахун нэгжид 820 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгожээ. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан стандартад тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил хийгдэж байна. Тариалалтад 7.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоог гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулах бэлтгэлийг хангаж байна.
“Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл ба маркетинг” төслийн хүрээнд 75 тн төл сонгины үрийг Голланд улсаас импортлохоор бэлтгэл ажил хийгдэж захиалгыг бэлэн болгосон байна. Хүнсний ногооны нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, голлох нэрийн хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний ногоо” хөтөлбөрийн төсөл боловсруулж бэлтгэжээ.
Тариалалтад зүтгэх хүчний трактор 2980, үр тарианы үрлүүр 2017, хөрс боловсруулах техник 5787, төмс хүнсний ногооны үрлүүр 498 ажиллах бөгөөд техникийн засвар, үйлчилгээний ажил эхлээд байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 24.5 сая ам.долларын хөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг зохион байгуулж байна.