"Мах сүүний анхдугаар аян"-ы хүрээнд малчдын орлогыг өсгөх зорилгоор “Мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 11–ний өдрийн 14 дүгээр тогтоол баталсан. Энэхүү тогтоолоор өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймаг орон нутгаас махыг арилжааны банкнуудын эх үүсвэрээр бэлтгэхээр шийдвэрлэсэн. Дээрх арга хэмжээний хүрээнд 12 аж ахуй нэгж малчдаас 15,0 гаруй мянган тонн махыг авч бэлтгэсэн. Мах сүүний анхдугаар аяны хүрээнд бэлтгэсэн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийлүүлж, үхрийн ястай махыг 5750, хонины ястай махыг 5400, ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдаалж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 6 дүүрэгт 108 дэлгүүр, Дархан хотод 118 дэлгүүр, Эрдэнэт хотод 21 дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байна.
Махны борлуулалтын үйл ажиллагаатай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцсан Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд санаачлан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын малчдын намар бэлтгэн махыг төвлөрсөн томоохон хотуудын иргэдийн хэрэглээг хангах, эрүүл чанартай мах нийлүүлэх үүрэг өгсөн. Засгийн газрын 14 дүгээр тогтоол гарч мах бэлтгэлийн 12 компани 15 мянган тонн мах бэлтгэсэн. Энэхүү махыг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод энэ долоо хоногийн эхнээс борлуулж эхэлсэн” гэв.
"Баатрууд тэнгэр" ХХК-ийн ерөнхий менежер Э.Онон “Манай компани энэ удаа 1700 тонн мах бэлтгэсэн. Бэлтгэсэн махаа 15 дэлгүүрээр дамжуулан борлуулж байна. Цаашдаа борлуулалтын цэгийг нэмэхээр ажиллаж байна гэв.
Махны холбооны ерөнхийлөгч Б.Очирбат “Мах сүүний анхдугаар аян”-ын хүрээнд бэлтгэсэн махны чанарыг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, шинжилгээгээр батлагаажуулан иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Худалдаа эхлэхээс өмнө хүнсний захуудаас хийсэн судалгаанд үндэслэн үнийг тогтоосон. Өнгөрсөн хугацаанд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд худалдаанд мах гаргахад мах бэлтгэн нийлүүлэгчдэд үйл ажиллагааны зардал гэж 1кг маханд 1000 төгрөгийн төлбөр олгодог байсан. Энэ жил арилжааны банкнуудаас мах бэлтгэн нийлүүлэх компаниуд зээл авч бэлтгэн савлаж иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Өнгөрсөн намар зудын эрсдэлтэй аймгуудын малчдын бэлтгэсэн махыг зах зээлд нийлүүлж байгааг онцлог” гэв.
Зах зээлд нийлүүлэх гэж буй махны үнийг Нийслэлийн статистикийн газрын 2017 оны 04 дүгээр сарын эхний долоо хоногийн дүн мэдээтэй харьцуулж үзвэл, үхрийн махны үнийг 2195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины махны үнийг 1440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны махны үнийг 425 төгрөг буюу 9.7 хувиар тус тус хямдаар худалдах юм.