Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаж байна. Энэ хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулав. Сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, хороодын Засаг дарга, удирдах ажилтнууд, болон харьяа хэлтэс, албадын төлөөлөл оролцлоо.
Сургалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, “Авлигаас урьдчилан сэргийлэх тухай”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, “Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн тухай ойлголт, албан тушаалтны хориглолт хязгаарлалт” сэдвээр мэдээлэл, арга зүйн зөвөлгөөг өгсөн юм.
Мөн Авлигатай тэмцэх газрын мэргэжилтнүүд “ямарваа нэгэн бэлэг сэлтийг ил болон далд хэлбэрээр авах нь авлига гүнзгийрүүлэх шалтгаан нөхцөл болдог” гэлээ. Түүнчлэн авлигын эсрэг үндэсний хөтөлбөр батлагдсан нь авлигыг үндэс сууриар нь таслан зогсоох эх үүсвэр бүрдэж байгаа гэдгийг онцлон хэлж байлаа.