Монгол Улсын нийт хүн амын 11 орчим хувь нь оршин суудаг, хүн амын нягтаршил ихтэй, худалдааны төв, зочид буудал, зоогийн газар, баар, саун, ресторан, караоке зэрэг үйлчилгээний бизнес түлхүү хөгжсөн Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг бол Баянзүрх
Тиймээс ч дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн шинжтэй иргэдээс ирүүлж буй гомдол, мэдээллийн тоо буурахгүй байгаа юм. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран өнөөдөр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудалд олон нийтийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд БХЯ, ЦЕГ, НХЖХГ, НЦГ болон дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн I, II, III хэлтэс, Шүүх, Прокурор, Ахмадын зөвлөл, ХСИС-иас холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Зөвлөгөөнийг дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нээж үг хэлсэн. Тэрбээр, “гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй арга бол хэрэгсэл болох камерийн тоог нэмэгдүүлсэн. Мөн энэ онд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан салбар зөвлөлөөс байршил бүхий хэд хэдэн газарт хяналтын камерыг шинээр суурилуулж, тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа” гэв.
Энэ удаагийн зөвлөгөөнд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал сэдвээр дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном, дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй “Захиргааны зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр Цагдаагийн I хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацрал, “Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо, хууль зүйн үндэслэл” сэдвээр Цагдаагийн III хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганзориг, дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа “Зам тээврийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнхжаргал нар сонсгол мэдээллийг хийсэн.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудалд олон нийтийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнөөс гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж камержуулах ажлыг эрчимжүүлэхээр болов. Мөн гэмт хэрэг, захиргааны зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газруудын нарийвчилсан судалгааг гаргах, их дээд сургууль болон ТББ-тай хамтран нийтийн хэв журмыг сахиулах хамтрсан эргүүлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг есөн зүйлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо.