Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн хүн амын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дагаж мөрдөх, нийгмийн түншлэлийн зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хамтын хэлэлцээр”-ийг байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга С.Жаргалсайхан нар өнөөдөр гурван талт хэлэлцээрийг баталж гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналтыг сайжруулах, Үр бүтээлтэй хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг ханган ажиллах гэсэн гурван үндсэн чигэлэлээр 22 зорилтот ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Гурван тал хамтран нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, байнгын ажлын байраар ханган ажиллах зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ААН, байгууллагуудтай хамтран “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын хөдөлмөрийн аварга шалгаруулах, зохистой бүтээмжтэй ажлын байрыг бий болгох гэсэн гол зорилгыг дэвшүүлж байгаа юм. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэх ажиллахад та бүхэнд амжилт хүсье” хэмээсэн юм.
“Нийгмийн түншлэлийн хэлэлцээрээр нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд гурван тал хамтарч ажиллах байр суурьт нэгдэж энэ гэрээг байгуулсан. Нийслэлийн хэмжээнд энэ гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тохиолдолд нийтийг хамарсан ажил хаялт, хөдөлгөөн зэрэг зүйлийг нийгмийн түншлэлийн талууд гаргахгүй гэдэг ёсзүйн хариуцлагаа талууд хүлээж байгаа” хэмээн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.