"Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх" төсөл хэрэгжүүлнэ

"Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх" төсөл хэрэгжүүлнэ


8 жил

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Мансууруулах бодистой тэмцэх албаны төлөөлөгчид тус албанаас Монгол Улсын цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төслийн бэлтгэл ажлыг хангах, нөхцөл байдлын судалгаа хийх, төслийн үндэслэлийг тодорхойлох зорилгоор энэ сарын 10-14-ний өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газарт айлчиллаа.

Мансууруулах бодистой тэмцэх албаны төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар тус тус хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.



Айлчлалын хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах мөрдөн байцаагч Ким Жин-Хак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын цагдаагийн байгууллагын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиг үүрэг бүхий алба, нэгж болон Сургалтын нэгдсэн төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

“Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төслийн хүрээнд БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын Мансууруулах бодистой тэмцэх албанаас Монголын Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдын мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чадавхийг сайжруулах чиглэлээр сургалт, туршлага судлах харилцан айлчлал зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглагддаг орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөс гадна, БНСУ-ын хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлийн эсрэг сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү