Цармын бүргэдийг эмчилж, тэнхрүүлэн байгальд нь тавилаа

Цармын бүргэдийг эмчилж, тэнхрүүлэн байгальд нь тавилаа


8 жил

Нийслэлийн шуурхай утас болох 310005 утсанд энэ сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Цагдаагийн гудамжны эмнэлгийн хашаанд хөл нь гэмтсэн бүргэд шувуу байна” гэсэн иргэний мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар, Агнуурын мэргэжлийн байгууллагын төлөөлөл газар дээр нь очиж шалгахад цармын бүргэд хөл чанга уяатай удаан байсны улмаас яс нь цухуйж шархалсан, хумс нь тайрагдаж нисэх чадваргүй турж эцсэн байдалтай байсан тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр тухайн газраас шилжүүлэн авч явсан аж.

“Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-ынхан гэмтсэн бүргэдийг зориулалтын газарт эмчлэн, тайрагдсан хумсыг шовхлон засч 11 хоногийн турш тэжээн тэнхрүүлж, гэмтлийг эдгээлээ. Бүргэдийн хумсыг шовхлон зассанаар байгальд идэш тэжээлээ өөрөө олж идэх чадвар нь сэргэсэн тул бүргэдийг ан агнуурын мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар энэ сарын 12-ны өдөр Богдхан уулын дархан цаазат ууланд тавьж нисгэлээ.

Мэдээлэл өгсөн болон асран тэнхрүүлсэн иргэдэд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газарт болон Шийслэлийн шуурхай мэдээллийн утсанд мэдэгдэж байхыг иргэддээ уриалж байна.

Жич: Цармын бүргэд нь махчин шувууны нэг төрөл болох шонхортны багт багтдаг. Биеийн жин нь 3,8-6,5 кг, биеийн урт 0,8-0,9 м бөгөөд далавчны дэлгэц 2.4-2.7 метр хүрдэг.  Бүргэд 4 наснаасаа эхлэн үржилд орж, үүрээ засан хосоороо амьдарч эхэлдэг. Бүргэдийн насыг толгойн ясаар мэдэж болох бөгөөд 25-30 насалдаг байна гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү