Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа


8 жил

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2017.04.13) нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголын төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Засгийн газар анхны хэлэлцүүлгийн шатанд нь буцааж татаад байсан юм. Гэвч хууль хоорондын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал бий болсон учраас Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо дахин санаачлан боловсруулж хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах талаар гишүүдээс гаргасан горимын саналыг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. Иймээс тус Байнгын хороо хуралдан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт, горимын саналыг дэмжин хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нар танилцуулав. Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Х.Баделхан, С.Чинзориг нар асуулт асууж тодруулан Байнгын хорооны дарга, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгээс хариулт авсны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын санал дэмжигдэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.1 хувийн саналаар хуулийн төслийг бүхэлд нь батлав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү