Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч ар” клуб хамтран энэ сарын 14-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж ахуйн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага оролцоно.
Тус өдөрлөгийн зорилго нь нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчнээр хангагдахад дэмжлэг үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад оршино. Нээлттэй өдөрлөгийн онцлог нь төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Нэг өрх-нэг ажлын байр” уриан дор иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос хүргэх, нөгөөтэйгүүр их, дээд сургууль төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэх, ажил олгогч байгууллагууд шинэ залуу боловсон хүчнээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
Өдөрлөгөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
- Ойрын болон дунд хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэх
- Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон төвийн 6 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх
- Ажил олгогч 70 орчим аж ахуйн нэгж байгууллага сул чөлөөтэй болон шаардлагатай, хомсдолтой 2000 орчим ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх
- Мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд ажил горилогчдод “Маргаашийн ажилтан” сэдэвт ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.