Хамтын ажиллагааны хүрээнд 500 тн тэжээлийг буцалтгүй тусламжаар өглөө


7 жил

Өмнөговь аймаг ӨМӨЗО-ны Альшаа аймагтай 1992 оноос хамтарч ажиллаж эхэлсэн. 2004 оноос хамтын ажиллагааг эрчимжүүлж хоёр аймаг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байна. Тус аймгуудын хамтын ажиллагааг илүү сайжруулах үүднээс “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ” 37 зүйлтэйгээр байгуулсан бөгөөд хамтын ажиллагааг буцалтгүй тусламжаар эхлүүллээ.

Өмнөговь аймагт гуравдугаар сард их хэмжээний цас орж, олон мал цасанд дарагдаж ялангуяа баруун сумдад хүндрэл учирсан ба Альшаа аймгаас 500 тонн тэжээлийг үнэ төлбөргүй, буцалтгүй тусламжийн хэлбэрээр манай аймагт гардуулан өглөө. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон баруун 5 сумын удирдлагууд тэжээлийг хүлээн авч, малчиддаа хүтээмжтэйгээр тараах үүрэг хүлээлээ.

Түүнчлэн Альшаа, Өмнөговь хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд Шивээ хүрэнгийн боомтод хэд хэдэн чухал ажлуудыг хийхээр боллоо. Тухайлбал ӨМӨЗО-ны Альшаа аймгийн хөрөнгө оруулалтаар боомтын ажлын байранд их засвар, гадна талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүүхдийг Цэхээ боомтод цэцэрлэгт хамруулж, монгол багшийг ажиллуулна. Хил орчимд тулгамдаж байгаа чухал асуудал бол эмч байхгүй, үүнээс үүдэн тэнд байгаа төрийн албан хаагч, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй. Тиймээс Шивээ хүрэнгийн боомтод эмч ажиллуулах  амьдрах орчин нөхцөлийг шийдвэрлэлээ.

Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, хил орчмын бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ. Мөн тэнд байгаа төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ жолоочдын аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа төвлөрүүлж олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү