“Хүүхдэд ээлтэй засаглал-2020” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэнгийн дэмжлэгтэйгээр “Нарны хүүхдүүд” сурагч солилцооны төсөлт ажлын нээлт боллоо.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа, Хан-Уул цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Г.Ганзориг болон оролцогч хүүхдүүдийн эцэг, эхчүүд, ангийнх нь хамт олон оролцлоо.
Газар нутгийн байршил, яс үндэс, хэл, соёл, зан заншил, амьдралын хэв маягийн хувьд өөр өөр орчин нөхцөлд амьдардаг хүүхдүүд тухайн орон нутгийн онцлог, үндэстэн ястны соёл, өв уламжлалаас суралцан, амьдрах ухаанч, бүтээлч, хөдөлмөрч, эх түүхээ мэддэг "Зөв Монгол" иргэнийг төлөвшүүлэх улмаар хүүхдэд багаас нь багаар ажиллах чадварыг эзэмшүүлж, тэдний хүсэл сонирхол, хэрэгцээнд тохирсон хөгжлийн шаталсан хөтөлбөрт үйл ажиллагаанд хамруулан, мэдээллийг хот, хөдөөгийн хүүхэд адил тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, Хүүхдэд ээлтэй сайн засаглалыг хөгжүүлэх зорилгоор сурагч солилцооны төсөлт ажлыг Хэрлэн сумын Хан-уул цогцолбор сургуулийн 9-11 ангийн 9 сурагч, Дашбалбар сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-11 ангийн 9 сурагч нийт 18 сурагчийг хамруулан 2017 оны 04 дүгээр сарын 09-15-ны хооронд зохион байгуулах юм.