Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 3-8-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийн үр дүнг хэлэлцэж, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар олон улсын семинарт оролцоод ирлээ.
Энэхүү уулзалт, семинарын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг биелүүлэхэд дэлхийн сүрьеэгийн тархалтыг зогсоох бодлого: Улс бүрийн хүчин чармайлт” сэдэвт олон улсын семинарт оролцож, Солонгос улсын Парламентын гишүүн, Байнгын хорооны гишүүд зэрэг төр нийгмийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн судлаачтай уулзалт хийсэн.
Тус айлчлалын хүрээнд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, Хьюндай мотор Жон Мун Гу сан, Сижин эрүүл мэндийн сан, Сүрьеэ судлалын хүрээлэн, L&K Biomed компани, Соннам хотын Сүжон дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг албан байгууллагуудад зочилж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцож ажиллалаа.
Энэхүү ажлын айлчлал, уулзалтын үеэр “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийг цаашид өргөжүүлэн үргэлжүүлэх, мөн нуруу нугасны сүрьеэгийн хамтарсан төслийн энэ онд эхлүүлэх талаар ярилцаж, L&K Biomed компани нь Монгол улсын Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-д 300 000 ам долларын өртөг бүхий нуруу нугасны сүрьеэгийн мэс заслын тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэхээр болсон. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн ажилтануудыг сургах, ялангуяа нуруу нугасны мэс заслын багийг Солонгос улсад сургах талаар ярилцаж тохиролсон зэрэг өндөр ач холбогдол бүхий ажлын айчлал хийгээд ирсэн байна.