Чингэлтэй дүүргээс 2016-2020 онд “Иргэд нь жаргалтай, Ирээдүй нь гэрэлтэй дүүрэг” зорилтыг дэвшүүлж, “Чингэлтэйн боловсрол”, “Эрүүл мэнд 2020”, “Хамтдаа хөгжье”, “Жаргалтай гэр бүл”, Хотын иргэн-Хотын соёл” “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх” зэрэг дэд хөтөлбөрүүдийг боловсруулан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулан, хэрэгжүүлж байгаа билээ.
Мөн тус дүүргийн 25 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Алтан код” уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн “Үймээзэд тохиолдсон явдал” хүүхдэд зориулсан сургамжит жүжгийн нээлтийг Монголын хүүхдийн ордонд өнөөдөр хийлээ.
2016-2017 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 65 сурагч ахуйн осолд өртжээ. Энэ тоог цаашид өсгөхгүй байх, хүүхэд багачуудаа ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү жүжгийг хүүхэд багачуудад хүргэж буй юм байна.
Жүжгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцсон. Тэрбээр "Энэхүү хүүхдийн сургамжит жүжиг нь аюул ослын эх үүсвэр болсон гал түймэр, ялангуяа ахуйн хүрээнд ихээр үйлдэгдэж байгаа халуун тогоо, цахим тоглоомын хор хөнөөлийг хүүхэд багачуудад ойлгуулж, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн ослоос өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах ойлголт, мэдлэгийг эзэмшүүлэх зорилготой" гэсэн юм.
Жүжгийг дүүргийнхээ төрийн болон төрийн бус өмчийн 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 14080 хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх аж.