Монголын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч асан О.Чулуунбат агсны нэрэмжит “Mongolia cup-2017” анхдугаар олон улсын тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд болно.
Одоогоос 10 жилийн өмнө манай улсад Ширээний теннисний өсвөрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн болсноос хойш тив, дэлхийн чанартай томоохон тэмцээн зохиогдоогүй юм. Тиймээс анх удаа зохион байгуулагдаж байгаа тэмцээн манай улсын ширээний теннисний спортыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр үзүүлнэ гэж холбооны удирдлагууд үзэж байна.
Тэмцээнд 15 улсыг баг тамирчид оролцохоо илэрхийлснээс БНХАУ, БНСУ, ОХУ, Малайз, Хонконг, Польш зэрэг 10 орон урьдчилсан мэдүүлгээ ирүүлжээ.
Тэмцээнд зориулж Спортын төв ордны А заалны бүх гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, зориулалтын шалтай болгох юм. Мөн тэмцээний шагналын сан олон улсын тэмцээнүүдээс дутахгүй өндөр болохыг зохион байгуулагчид онцоллоо. Цаашдаа олон улсын энэхүү тэмцээнийг Олон улсын Ширээний теннисний холбоо, Азийн ширээний теннисний холбоотой хамтран календарчилсан төлөвлөгөөнд оруулж хоёр жил тутамд зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.