Нийслэлийн нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр биш зөвхөн картаар зорчдог болоод зургаа хоног өнгөрлөө. Тодруулбал, энэ сарын 1-нд автобусанд байсан бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, иргэдийг зөвхөн картаар зорчуулдаг болсон. Уг нь хоёр жилийн өмнө кондукторуудыг халж, цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн ч бэлэн мөнгөөр зорчих иргэд бараг 60 хувийг эзэлсэн хэвээр байсан. Зорчигчид мөнгөний хайрцагт нугалсан цаас, хоёр хуваасан мөнгө, дээр үеийн нэг төгрөг, зарим нь бүр мөнгөн дэвсгэртийг хувилан олшруулаад зорчиж байсан нь илэрсэн учир дээрх шийдвэрийг гаргасан юм.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн тээврийн хэсгийн ахлах мэргэжилтэн Ц.Түвшинжаргалын хэлснээр иргэд шинэчлэлийг маш нааштай хүлээж авч, картын хэрэглээнд шилжжээ. . Ингэснээр нийтийн тээврийн шугамын орлого 15-20 хувь өссөн үзүүлэлттэй байна.