Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн сайд нарын бага хурал болов

Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн сайд нарын бага хурал болов


8 жил

Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн “Тогтвортой, хүртээмжтэй эдийн засаг-Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх нь” сайд нарын бага хурал гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотод боллоо. 

Хуралд улс орнуудын Засгийн газрын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, НҮБ-ын төрөлжсан байгууллагуудын удирдлага, Бизнес 20, Оксфам Интернейшнл, Энэтхэгийн ХАА, хөдөөгийн хөгжлийн үндэсний банк, BMW, Ikea зэрэг компанийн удирдлага, Оксфордын их сургууль, Колумбын их сургууль зэрэг дэлхийн шилдэг их сургуулиудын эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид зэрэг нийт 300 гаруй төлөөлөгчид оролцжээ.

Сайд нарын бага хурлаар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын оруулах хувь нэмэр, ач холбогдлын талаар санал бодлоо солилцож, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой амьдралын хэв маяг, хүртээмжтэй өсөлт гэсэн үндсэн гурван сэдвийн доор салбар хуралдаанууд болов.

Сайд нарын бага хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц. Батбаяр оролцож, тус яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т. Булган, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн үндэсний зохицуулагч С. Алтанцэцэг нар дагалдан ажиллав.Түүнчлэн, Монголын Банкны Холбооны Дэд дарга, Ариг банкны гүйцэтгэх захирал Д. Төмөрхүү нар оролцлоо.

Бага хурлын эхний өдөр “Тогтвортой хөгжлийн зорилгыг урагшлуулах хүртээмжтэй, ногоон эдийн засаг-Хүлээсэн үүргээ шуурхай биелүүлэх нь” дээд хэмжээний хэлэлцүүлэг, “Ногоон эдийн засгийн анхдагч нар-Шинэлэг арга, бизнесийн загвар, түншлэл” үзэсгэлэн, “Хүртээмжтэй өсөлт ба зохистой хөдөлмөр эрхлэлт”, “Ногоон хөрөнгө оруулалт: Эх орноосоо эхлэх үү?  Санхүү, төсвийн бодлого, дотоодын нөөцийг нэмэгдүүлэх нь” “Тогтвортой худалдаа, хөрөнгө оруулалт” зэрэг салбар хуралдаан болж өнгөрөв.

Хурлын хоёрдахь өдөр “Бохирдолгүй дэлхийн төлөө” сэдэвт удирдагчдын нээлттэй ярилцлага болсон бөгөөд энэ үеэр бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, хэрэглэгчийн хандлага, хотын нийтийн тээврийн хэрэгсэл, суудлын машиныг цахилгаан машинаар солих боломж, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцжээ. Мөн “Өөрчлөгдөж буй үйл явц-Хүртээмжтэй, ногоон эдийн засгийн үзэл баримтлал ба ирээдүйн төлөв”, “Тогтвортой амьдралын хэв маяг өөрчлөлтийн хөдөлгүүр болох нь” сэдэвт хэлэлцүүлэг, “Тогтвортой амьдралын хэв маяг: Хүлэмжийн хийн ялгарал багатай амьдралын хэв маяг”,  “Ногоон хөрөнгө оруулалт: Ил тод байдал ба шилжилт- Санхүүгийн салбар тогтвортой хөгжлийг хэрхэн дэмжих вэ?” , “Хүртээмжтэй өсөлт: Ногоон ажлын байр, хөдөлмөр эрхлэлт ба инновацийн эрэлд” зэрэг салбар хуралдаан,  “Байгальд ээлтэй гарааны бизнес: Тогтвортой бизнесийг дэмжих сайн туршлага, стратеги” дугуй ширээний нээлттэй ярилцлага  болов.

Сайд нарын бага хурлын үеэр БОАЖ-ын дэд сайд Ц. Батбаяр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солэйм, ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалах, барилга, цөмийн аюулгүй байдлын яамны Парлиаментийн төрийн нарийн бичгийн дарга Рита Шварзелухр Суттер, ХБНГУ-ын Тогтвортой хөгжлийн зөвлөлийн дарга Марлехн Тиеме, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн Ногоон хөгжил, уур амьсгалын асуудал хариуцсан менежер Ангус Макэй, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Фрэнк Ризберман, Энэтхэгийн Тогтвортой хөгжлийн боловсрол төвийн захирал Картикеяа Сарабхай зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөгчидтэй тусгайлсан уулзалт хийж, хамтын ажиллагааны өнөөгийн төлөв байдал, ирээдүйн төлөвлөгөө, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.

БОАЖ-ын дэд сайд Ц. Батбаяр Сайд нарын бага хурлын хаалтын арга хэмжээнд зориулан хэлсэн үгэндээ Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн оруулсан хувь нэмэр, Монгол Улсын хүрсэн амжилтын талаар дурдаж, Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа нь түншлэлд нэгдсэн бусад орнуудад сайн туршлага, ногоон хөгжлийн бодит загвар болж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Сайд нарын бага хурлын хаалтын арга хэмжээний үеэр Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар болсоныг зарласан. Хурлыг 2017 оны есдүгээр сарын 18-наас Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү