Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал Хангарди ордонд болж, нийслэл хотын авто зогсоолыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөнийг сайжруулах талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Д.Сүхбаатарын талбай орчмын 500 метр радиуст буюу Бага тойруу доторх 84.2 га талбайг 11 блок болгон хувааж, судалгаа хийжээ.
Судалгаагаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн газрыг хайс, хашаа барьж хамгаалснаар зорчих хөдөлгөөний нэвтрэлтийг хязгаарлаж, галын болон түргэний машин зорчиход хүндрэл үүсгэж байгаа дүн гарсан байна.
Мөн авто зогсоолууд стандартын шаардлага хангахгүй, тэмдэгжүүлээгүй зэргээс үүдэн жолооч нар автомашинаа эмх замбараагүй байрлуулдаг. Энэ нь явган хүний болон авто замын зорчих хөдөлгөөний эрчмийг сааруулах гол шалтгаан болж байна. Тиймээс Багатойруу орчмын автомашины ил зогсоолыг стандартын шаардлага хангахуйц тэмдэгжүүлж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах судалгааг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Төлөвлөлтөөр одоо байгаа 23 хашаа, саадыг буулгаж, гудамж замын хөдөлгөөнийг нээнэ. Мөн стандарт хэмжээтэй, зориулалтын тэмдэглэгээтэй 1191 зогсоол байгуулна. Үүнээс 72 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зогсоол байх аж. Түүнчлэн тохижилт бүхий газар доорх автомашины зогсоол 9 байршилд, олон давхар зогсоол 6 байршилд төлөвлөжээ.
Эдгээр ажил хийгдсэнээр Багатойруу орчимд авто замын зорчих хөдөлгөөний эрчим 25 орчим хувиар нэмэгдэх төдийгүй түгжрэл саатал буурна гэж тооцоолсон байна.